Биткойныг АНУ руу нүүлгэж байна: Хятадын гол үйлдвэрлэгчид Америкт үйлдвэр байгуулж эхэлжээ

нийтлэгч Содном Энхбаяр
Биткойныг

Криптовалютын олборлолтын дийлэнхийг хангадаг Хятадын Bitmain, Canaan, MicroBT гэх гурван гол үйлдвэрлэгч Америкт үйлдвэрлэлээ шилжүүлж эхэлжээ. Эдгээр компани нь дэлхийн ASIC (тусгай зориулалтын олборлогч төхөөрөмж) зах зээлийн 90 хувийг хангадаг бөгөөд АНУ-ын тариф, хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд энэ шийдвэрийг гаргасан байна.

Үйлдвэрлэлийн шинэ чиглэл

Тус компаниудын төлөвлөгөөний дагуу АНУ-д үйлдвэр нээж, нийлүүлэлтийн сүлжээгээ олон чиглэлд салбарлуулах зорилготой. Conflux Network-ийн технологийн захирал Гуан Янь уг нөхцөл байдлыг тайлбарлахдаа:
“АНУ, Хятадын хоорондын худалдааны дайн нь гүн гүнзгий бүтцийн өөрчлөлт авчирч байна. Энэ нь зөвхөн тарифын тухай биш, харин стратегийн хувьд улс төрийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн эх үүсвэр рүү чиглэсэн алхам юм” гэж онцолсон байна.

Bitmain компани энэ шилжилтийг хамгийн түрүүнд хэрэгжүүлж, 2024 оны арванхоёрдугаар сард — Дональд Трампын сонгуульд ялсны дараа — АНУ-д үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Харин Canaan компани АНУ-аас өргөн цар хүрээтэй тарифын шинэчлэл зарласны дараа туршилтын үйлдвэрлэл явуулсан бол тэдний зах зээлийн хэлтсийн дарга Лео Ван “шилжилт хараахан судалгааны шатанд байгаа” хэмээн мэдэгдсэн байна. MicroBT компани ч мөн АНУ-д “локалчлалын стратеги” хэрэгжүүлж байгаагаа зарласан ч тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм.

АНУ-ын дотоодын үйлдвэрлэл өсөж байна

Америкийн ASIC үйлдвэрлэгч Auradine-ийн мэдээлснээр, дэлхийн нийт биткойн олборлолтын 30 орчим хувь Хойд Америкт явагдаж байна. Тус компанийн стратегийн захирал Санджай Гупта:
“Хятадын олон мянган олборлогч төхөөрөмж АНУ-ын эрчим хүчний сүлжээнд холбогдсоноор үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болзошгүй” гэж анхааруулжээ.

АНУ-ын криптовалютын хуульч Жон Дитон мөн:
“Хэрэв Хятад экспортод хориг тавих эсвэл нийлүүлэлтийг зохиомлоор хязгаарлавал биткойны сүлжээний тогтвортой байдалд нөлөөлж, АНУ-ын хэрэглэгч, хөрөнгө оруулагчдад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй” гэж мэдэгджээ.

Тариф ба хориг – гол хөшүүрэг

Хятадын экспортод 30 хувийн импортын татвар ногдуулж байгаатай харьцуулахад бусад улсад энэ татвар 10 хувьтай байгаа нь АНУ-д үйлдвэр нээх үндэслэл болж байна. Үүнээс гадна зарим ASIC төхөөрөмж Хятадын хоригт орсон Sophgo компанийн чипийг ашигладаг тул хязгаарлалт үүсэх эрсдэлтэй гэж үзжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.