Криптовалютын ертөнц дэх хамгийн том тогтвортой коин гаргагч Tether Holdings компани Швейцарьт 8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 80 тонн алтыг хувийн агуулахад хадгалж байгааг Bloomberg мэдээллээ. Энэхүү алт нь компанийн шууд эзэмшилд, бүрэн хяналтад байдаг бөгөөд хадгалалтын нарийн байршил болон хугацааг олон нийтэд дэлгэрэнгүй зарлаагүй байна. Tether нь энэ оны эхээр төв байраа Сальвадор руу шилжүүлээд байгаа юм.
Tether нь дэлхий даяар ашиглагдаж буй 159 тэрбум долларын USDT токен гаргасан бөгөөд хэрэглэгчид энэ жетоныг худалдан авахдаа бодит доллар төлдөг. Тус компани энэхүү мөнгийг АНУ-ын Төрийн сангийн бонд, үнэт металлууд зэрэг тогтвортой хөрөнгөд хөрөнгө оруулдаг. 2024 оны гуравдугаар сарын байдлаар алт болон түүхий эдүүд нийт хөрөнгийн тав орчим хувийг эзэлж байжээ.
Tether-ийн эзэмшдэг алтны хэмжээ нь Швейцарийн санхүүгийн аварга болох UBS Group AG-ийн эзэмшдэг алттай дүйцэхүйц хэмжээтэй байгаа нь анхаарал татаж байна. Гэхдээ UBS зэрэг ихэнх компаниуд алт хадгалахдаа гадаад хадгалалтын үйлчилгээ ашигладаг бол Tether хэмнэлт хийх үүднээс өөрийн хадгалах байгууламжийг байгуулсан нь онцлог.
Tether нь алтаар баталгаажсан XAUT нэртэй дижитал токен санал болгодог. XAUT жетон бүр нэг унци бодит алтыг илэрхийлдэг бөгөөд жетон эзэмшигчид түүнийгээ Швейцар дахь алттай шууд солих боломжтой. Одоогийн байдлаар 7.7 тонн алтаар баталгаажсан 819 сая долларын үнэтэй XAUT жетон эргэлтэд байна.
Энэхүү мэдээлэл нь криптовалютын зах зээлд Tether-ийн нөлөө, санхүүгийн бодлогын цар хүрээ, болон тэдний алтаар баталгаажсан токенуудын ирээдүйн боломжийн талаар шинэ сэдэл өгч байна.