Lucid Air Grand Touring: Нэг цэнэглэлтээр 1205 км зам туулж, Гиннесийн дээд амжилтыг тогтоолоо

нийтлэгч Содном Энхбаяр
Lucid Air Grand Touring: Нэг цэнэглэлтээр 1205 км зам туулж, Гиннесийн дээд амжилтыг тогтоолоо

Цахилгаан автомашин эзэмшигчдийн хувьд хамгийн их санаа зовоодог асуудал бол замын дунд цэнэг дуусах магадлал юм. Ихэнх бүс нутгуудад цэнэглэх дэд бүтцийн хөгжил бүрэн хангагдаагүй байгаа нь энэ түгшүүрийг улам бүр нэмэгдүүлдэг. Гэвч Lucid компани энэхүү эргэлзээг үгүй хийх алхам хийлээ — тэдний Lucid Air Grand Touring загварын тансаг зэрэглэлийн цахилгаан седан нэг цэнэглэлтээр 1205 км замыг туулж, Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Швейцарийн Сент-Мориц хотоос Германы Мюнхен хүртэл аяласан тус тээврийн хэрэгслийн нийт туулсан зай нь WLTP-ийн албан ёсны тооцоолсон зайнаас (817-960 км) хамаагүй өндөр гарсан бөгөөд өмнөх дээд амжилтыг 160 орчим км-ээр эвджээ. Өмнөх дээд амжилтыг Mercedes-Benz EQS 450+ машин тогтоосон бөгөөд тэр үед 1045 км замыг нэг цэнэгээр туулж байв.

Lucid Air Grand Touring загварыг жолоодсон хүн бол Лондонд амьдардаг бизнес эрхлэгч Умит Сабанчи юм. Тэрээр өмнө нь ч тээврийн салбарт хэд хэдэн дээд амжилт тогтоож байсан. 2017 онд өдөрт Европын 13 улсаар ердийн тээврээр аялж, 2022 онд тогтмол нислэг ашиглан дэлхийг хамгийн хурдан тойрсон амжилтаар нэрд гарсан түүхтэй. Мөн 2024 оны зургадугаар сард нэг цэнэглэлтээр Европын есөн улсаар дамжин 912 км замыг туулсан түүхэн аяллыг хийжээ.

Энэхүү шинэ амжилтын дараа тэрээр “2024 онд есөн орны аяллаа дуусгахдаа энэ нь дөнгөж эхлэл байсан. Энэхүү шинэ амжилт нь биднийг улам ахиулж байна. Би цахилгаан хөдөлгөөн бол ирээдүй биш, харин яг одооны бодит байдал гэдгийг харуулсан үйл явдлын нэг хэсэг болсондоо бахархаж байна” хэмээн ярьжээ.

Түүнчлэн Сабанчи нь “гипермилер” буюу батерейг хамгийн үр дүнтэй ашигладаг мэргэжлийн жолооч биш хэдий ч, Lucid компанийн тусламжтайгаар тусгай бэлтгэл хангасан, магадгүй оновчтой тохиргоотой хувилбараар аялсан гэдгийг дурьдах хэрэгтэй.

Өнгөрсөн хугацаанд 1000 км-ээс дээш гүйлттэй загварууд нь зөвхөн концепц автомашинд хамаарч байсан бол одоо энэ амжилтыг олон нийтэд хүрч буй үйлдвэрлэлийн машинууд тогтоож эхэллээ. Жишээлбэл, Mercedes-Benz Vision EQXX концепци 1000 км гүйлт хийхийн тулд нулимс дусал хэлбэрийн аэродинамик дизайнтай байсан бол Lucid-ийн хувьд илүү бодит загвар бүхий, хэрэглээнд чиглэсэн машин ийм амжилт тогтоож байгаа нь ээлжит том дэвшил юм.

Энэ мэт дээд амжилтын эрэлд гарсан брэндүүдийн өрсөлдөөн нь цахилгаан автомашины технологийн хөгжил, хэрэглэгчдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн найдаж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.