2025 оны 7 дугаар сарын 10-нд Hyundai компани Гудвүүдийн хурдны наадамд шинэ IONIQ 6 N цахилгаан спорт седаны дэлхийн нээлтийг хийлээ. E-GMP платформ дээр суурилсан энэхүү загвар нь үндсэн IONIQ 6 загварын өндөр гүйцэтгэлтэй хувилбар бөгөөд гадна, дотор хийц, техникийн үзүүлэлтүүдийн хувьд олон шинэчлэлтэй болжээ.
IONIQ 6 N нь урд, хойд хоёр цахилгаан хөдөлгүүртэй бүрэн хөтлөгч системтэй. Эдгээр нь нийлээд 609 морины хүч, 740 Н·м мушгих хүчийг гаргах бөгөөд 0-100 км/ц хүртэл хурд авах хугацаа ердийн горимд 3.5 секунд байна. Харин N Grin Boost (NGB) функцийг идэвхжүүлснээр морины хүч 650, мушгих хүч 770 Н·м болж, хурд авах хугацаа 3.4 секунд хүртэл буурдаг.
Гаднах төрх нь IONIQ 6 загварын гоёмсог шугамуудыг хадгалсан ч спорт элементүүдээр баяжуулагджээ. Ногоон-цэнхэр өнгийн кузов, хар өнгийн гоёл, их хэмжээний тогтмол арын спойлер, нэмэлт багажны тагны спойлер болон спорт диффузороор тоноглосон байна. Мөн пиксел гэрэл болон тусгай тор хэлбэрийн арын гэрлүүд суурилуулжээ.
Салоны хувьд минималист хэв маяг хадгалагдаж, хос дэлгэцтэй самбар үлдсэн ч спорт чиглэлийн шинэчлэлүүд хийгдсэн. Тухайлбал, шинэ спорт суудлууд, гурван салаатай жолооны хүрд дээр байрлах горимын товчлуурууд, NGB товч бүхий зохион байгуулалттай. Салоны доторлогоонд алькантара ба нүүрстөрөгчийн шилэн материалыг түлхүү хэрэглэжээ.
IONIQ 6 N-ийн явах эд ангийг Hyundai-ийн N хэлтэс дахин тохируулсан бөгөөд ухаалаг амортизатор, цахим хяналттай дифференциал зэрэг шийдлүүд нь маневр болон замд дасан зохицох чадварыг нэмэгдүүлдэг.
Түүнчлэн уламжлалт спорт машины мэдрэмжийг бүрдүүлэх зорилгоор цахим хурдны хөшүүрэг (e-shift), моторын дуу чимээг дуурайсан дууны систем (e-sound) нэмэгдсэн. Эдгээр нь механик хурдны хайрцгийн ажиллагаа болон моторын дууг дуурайлган жолоодлогыг уламжлалт байдлаар мэдрэх боломжийг бүрдүүлдэг.
Hyundai нь зөвхөн стандарт загвараар зогсохгүй тус наадамд IONIQ 6 N Drift Spec гэх дрийфтэд зориулсан хувилбарыг танилцуулж, мөн үндсэн загварт зориулсан Performance Parts багцыг танилцуулсан байна.
Энэхүү танилцуулга Hyundai-ийн N брэндийн 10 жилийн ойтой давхцсан бөгөөд тус брэнд өндөр гүйцэтгэлтэй цахилгаан автомашины шугамыг идэвхтэй өргөжүүлж байна. БНХАУ-ын зах зээл дээрх IONIQ 6 N-ийн үнэ ойролцоогоор 400,000 юань байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь IONIQ 5 N загвартай дүйцэхүйц юм. Энэхүү шинэ загвар Tesla Model 3 Performance, BMW i4 M50 зэрэг өндөр гүйцэтгэлтэй цахилгаан седануудаас өрсөлдөөн хүлээж байна.