BMW болон Mercedes-Benz компаниуд жолоочийн туслах дэвшилтэт систем (ADAS)-ийг хөгжүүлэх хүрээнд Хятадын хиймэл оюун ухааны Momenta компанитай түншлэхээ мэдэгдлээ. BMW-ийн энэ алхам нь Mercedes-Benz-ийн өмнө нь гаргасан шийдвэртэй давхцаж байгаа бөгөөд хоёр герман автомашин үйлдвэрлэгч ижил технологийн түнштэй болсон нь анхаарал татаж байна.
BMW компанийн зүгээс удахгүй худалдаанд гарах Neue Klasse цахилгаан автомашиндаа Momenta-ийн ухаалаг жолоодлогын системийг ашиглахаар шийдвэрлэсэн. Тус систем нь хот дотор болон хурдны замд цэгээс цэг хүртэл бие даан жолоодох боломжийг хангах бөгөөд хиймэл оюун ухааны дэвшилтэт шийдлүүдийг агуулсан байх юм.
BMW-ийн дараагийн үеийн iX3 загвар (код нэр NA6) 2025 оны хоёрдугаар хагаст Унгар дахь үйлдвэрт үйлдвэрлэгдэж эхлэх бөгөөд жилийн эцэс гэхэд Европын зах зээлд нийлүүлэгдэх хуваарьтай. Үүний дараа 2026 онд Хятадын зах зээлд чиглэсэн:
- шинэ үеийн i3 (NA0)
- iX3 (NA6)
- урт тэнхлэгийн iX3 (NA8)
загваруудыг танилцуулахаар төлөвлөж байна.
Momenta-ийн гүйцэтгэх захирал Цао Худонг хэлэхдээ:
“Бид BMW групптэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Neue Klasse-ийн i3 болон iX3 загварууд нь Li Auto, Aito, Xiaomi, Nio зэрэг цахилгаан автомашины гол брэндүүдтэй зах зээлийн үнийн хувьд шууд өрсөлдөх чадвартай байх болно” хэмээн онцолжээ.
Шинэ үеийн машинуудад Momenta-ийн бүтээсэн ухаалаг төгсгөлтэй системийг нэгтгэхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь ADAS технологийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй, үр дүнтэй хүргэх томоохон алхам болох юм.