Италийн автомашины алдарт брэнд Alfa Romeo цахилгаанжуулалтын төлөвлөгөөндөө томоохон өөрчлөлт оруулж, Giulia болон Stelvio загваруудаа зөвхөн бүрэн цахилгаан хувилбараар үйлдвэрлэх санаачилгаа түр хойшлуулахаар боллоо. Энэхүү шийдвэрийг тус компанийн гүйцэтгэх захирал Санто Фичили зарлахдаа, дэлхийн зах зээл дэх татварын тогтворгүй байдал болон цахилгаан автомашины үйлдвэрлэлийн өсөлт удааширч байгаа нь энэ алхмыг хийхэд хүргэсэн хэмээн тайлбарлажээ.
Фичилигийн хэлснээр, шинэ загварууд нь PHEV (залгадаг хос хөдөлгүүрт), HEV (энгийн хос хөдөлгүүрт), мөн BEV (цэвэр цахилгаан) хувилбаруудаар гарна. Мөн Quadrifoglio (дөрвөн навчит хошуу) спортын ангилал бүхий загварууд ч дотоод шаталтат хөдөлгүүртэй болон бүрэн цахилгаан хувилбараар хадгалагдаж, уламжлалт өндөр гүйцэтгэлтэй автомашинд дуртай хэрэглэгчдийг татахыг зорьж байна.
Энэ оны эцэс гэхэд цахилгаан хөтлөгчтэй анхны Stelvio загварыг танилцуулж, үүний дараагаар цахилгаан Giulia гарна. Загварын хувьд Alfa Romeo-ийн бусад автомашинуудтай уялдаа бүхий, танигдахуйц дизайн хадгалагдах болно.
Санто Фичили мөн Alfa Romeo-гийн өвөрмөц онцлогийг тодотгохдоо, италийн сэтгэл хөдлөл, улаан Rosso өнгө, спорт хэв маяг гэсэн гурван үндсэн элементэд суурилна гэдгийг онцолжээ. Тэрээр “Автомашин тухайн мөчид л Alfa Romeo гэдэг нь шууд мэдрэгдэх ёстой. Жолооч удирдлагыг мэдрэхгүй бол энэ бол жинхэнэ Alfa биш” хэмээжээ.
Үүний тулд амортизатор, жолоодлого, дуу намсгагч, хөдөлгүүр гэх мэт олон үзүүлэлтийг төгс тэнцвэртэй байлгах шаардлагатайг тэмдэглэсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд борлуулалтын өсөлт сул хэвээр байгаа нь компанийн томоохон сорилт хэвээр байна. Tonale ба Junior загваруудаас ихийг хүлээж байсан ч одоогийн байдлаар MiTo ба Giulietta загварын үеийнх шиг өндөр үзүүлэлт харагдсангүй.
Гэсэн ч, Фичили брэндийн өв, уралдааны түүх, үнэнч хэрэглэгчдээ хадгалах нь маш чухал гэж үзэж байна. Түүний хэлснээр, Junior нь шинэ, залуу хэрэглэгчдийг татах хүчтэй загвар байх болно. Харин Tonale нь эхэндээ амжилттай байсан ч одоо борлуулалт нь буурсан тул жилийн эцэст томоохон шинэчлэл хийгдэх төлөвтэй.
Alfa Romeo ирэх хоёр жилд Stelvio болон Giulia загваруудаар шинэ амьсгаа авах бөгөөд үүгээрээ сүүлийн жилүүдийн хамгийн өргөн шинэчлэлт хийх гэж буй. Фичили компанийн байр суурийг тодорхойлохдоо, “Alfa бол үргэлж ниш зах зээлд чиглэсэн брэнд байх болно. Борлуулалтаараа BMW-д хүрэхгүй ч Stellantis группийн нэг хэсэг байснаар **синергетик давуу талуудыг ашиглах боломжтой” хэмээн дурджээ.
Брэндийн онцлог, өвөрмөц чанарыг хадгалах үүднээс 33 Stradale шиг хязгаарлагдмал тоотой, дээд зэрэглэлийн загварууд гаргах төлөвлөгөөтэй. Мөн Maserati-тай хамтран хөгжүүлэх загварууд ч бий болж магадгүй. 33 Stradale-ийн загвар нь үнэтэй боловч, ирээдүйн загваруудын дизайн бүрэлдэхэд нөлөөлөх ажээ.
Alfa Romeo-ийн ойрын зорилго бол тогтвортой өсөлтийг дэмжих чадвартай шинэ загварууд гаргах бөгөөд купе болон кабриолет зэрэг зах зээлийг дахин сорьж магадгүй ч, компанийн анхаарал одоогоор шинэчлэл, өсөлтөд чиглэсэн байна.
1 сэтгэгдэл
Ухаалаг шийдвэр байна. Бүх улсад цахилгаан машины дэд бүтэц бэлэн биш шүү дээ