Манай дэлхий улам хурдан эргэх болж, энэ оны 7-р сарын 10-нд хамгийн богино өдөр болжээ. Тухайн өдөр ердийн 24 цагаас (нэг секунд 1000 миллисекунд) 1.36 миллисекундээр богиноссон тухай Олон улсын Дэлхийн эргэлтийн хөдөлгөөнийг хянах алба болон АНУ-ын Тэнгисийн цэргийн одон орон судлалын хүрээлэн мэдээлсэн байна.
Хүмүүст ийм богиносолт мэдрэгдэхгүй ч цаг хугацааны энэ зөрүү нь компьютер, хиймэл дагуул, холбооны системүүдийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай.
Цаг хугацааг өндөр нарийвчлалтай хэмжихийн тулд 1955 оноос эхлэн атомын хэлбэлзлийг хянадаг тусгай атомын цагуудыг ашиглаж эхэлжээ. Сонирхолтой нь, өмнө нь дэлхий эсрэгээрээ удаан эргэдэг байсан тул 1972 оноос эрдэмтэд Дэлхийн зохицуулалттай цагт (UTC) 27 удаа нэг секунд нэмж байв. Үүнийг өндөр жилтэй зүйрлэж болно. Гэвч үүнээс хойш дэлхийн эргэлт хурдсаж, 2016 оноос хойш секунд нэмээгүй байна. Одоо эрдэмтэд эсрэгээрээ нэг секундийг хасах шаардлага гарч магадгүйг үгүйсгэхгүй байна. Гэвч дэлхий даяарх техникийн системд энэ нь “2000 онд үүсэж байсан асуудалтай адил байж болзошгүйг” эрдэмтэд анхааруулжээ. Тухайн үед компьютерүүд “99”-өөс “00” болгож өдөр хоногийг “дахин тохируулж” чадах эсэхэд бүгд эргэлзэж байв.
Гэхдээ дэлхийд сөргөөр нөлөөлж буй дулаарал нь дэлхийн эргэлтийн хурдыг сааруулж байгаа ажээ. Хэрэв мөс хайлаагүй бол өнөөдөр нэг секундийг хассан байж магадгүй.
Ойрын хугацааны дэлхийн эргэлтийн хурдны өөрчлөлт нь Сарны байрлал болон далайн түрлэгтэй холбоотой байх бөгөөд мөн улирлын хүчин зүйлс ч нөлөөлдөг. Тухайлбал, зун дэлхий ерөнхийдөө арай хурдан эргэдэг. Харин урт хугацааны таамаглал дэвшүүлэх нь хүндрэлтэй бөгөөд эрдэмтэд нэг жилээс цаашхи хугацаанд таамаглал гаргадаггүй ажээ.