Цахим спортын салбарт шуугиан тарьсан үйл явдал болж, олон улсын тэмцээн зохион байгуулагч “YaLLa Esports” байгууллага үйл ажиллагаагаа албан ёсоор зогсоож байгаагаа зарлалаа. Тэд “X” платформоор дамжуулан “CS” тоглоомын хамт олонд хандан “YaLLa Compass”-ийн аялал өндөрлөж байгааг мэдэгдэн, дэмжигчдэдээ талархал илэрхийлжээ.
Харамсалтай нь тус мэдэгдлийн цаана бодит дампуурал нуугдаж байсан бөгөөд эх сурвалжуудын мэдээлж байгаагаар “YaLLa Esports” нь нийт 1 сая орчим ам.долларын өртэй болж, шагналын мөнгөө тоглогч, багууддаа өгч чадахгүйд хүрээд байна. Тоглогчдын зүгээс “Эхлээд өрөө төлөөд дараа нь дампуурлаа зарлах ёстой байсан” гэх зэмлэл ч гарсан.
Монголын баг болох “The MongolZ” нь 2024 онд Абу Дабид зохион байгуулагдсан “YaLLa Compass” тэмцээнд түрүүлсэн ч өнөөдрийг хүртэл амласан 200 мянган ам.долларын шагналаа авч чадаагүй байна. Тус баг гранд финалын шатанд “NIP” багийг 2:1 харьцаатай буулган авч, түүхэн ялалт байгуулсан бөгөөд тэдний тоглогч “910” “Үнэ цэнэтэй тоглогч”-оор нэрлэгдэж байсан.
2025 оны дөрөвдүгээр сард “YaLLa Compass” дахин тэмцээн зохион байгуулсан ч, санхүүгийн дарамтад орсноор шагналын сангаа 600 мянгаас 300 мянган ам.доллар болгон бууруулсан. Тэмцээн нь мөн “Остин Мэйжор”-ын эрх олгох үйл явцтай давхцсанаар онлайнаар зохион байгуулагдсан бөгөөд нэр хүндтэй багууд оролцоогүй. Эцэст нь Украйны “NaVi Junior” баг аваргалсан юм.
Эдгээр нөхцөл байдал “YaLLa Esports”-ийн тогтвортой бус менежмент, санхүүгийн алдааг илчилсэн бөгөөд олон улсын хэмжээнд цахим спортын итгэлцэл, хариуцлагын асуудлыг хөндөж байна.
Харин “The MongolZ” баг өнөөдөр 17:00 цагаас “BLAST Bounty 2025” тэмцээнд эхний тоглолтоо “ENCE” багийн эсрэг хийхээр зэхэж байна. Монголын баг дахин олон улсын тайзан дээр амжилтаа харуулах хүлээлттэй байна.