Орчлонгийн дээд хязгаарт ойртсон аварга хар нүх илэрлээ

нийтлэгч Содном Энхбаяр
Орчлонгийн дээд хязгаарт ойртсон аварга хар нүх илэрлээ

Одон орончид сансар огторгуйн гүнд, Дэлхийгээс ойролцоогоор таван тэрбум гэрлийн жилийн зайд орших, одоогоор мэдэгдэж буй хамгийн том хар нүх байж болзошгүй биетийг илрүүлжээ. SDSS J1148+1930 нэртэй галактикийн төвд орших энэ хар нүхний масс нь Нарныхаас 36.3 тэрбум дахин их бөгөөд онолын хувьд хар нүхний боломжит хамгийн дээд жингийн бараг хязгаарт хүрч байна. Харин манай Сүүн замын төвд буй хар нүх үүнтэй харьцуулахад ердөө 4.3 сая дахин Нарнаас том юм.

Эрдэмтэд энэ удаад “таталцлын линзчлэл” гэх ховор үзэгдлийг ашиглан, урьд өмнөхөөс хавьгүй өндөр нарийвчлалтайгаар масс хэмжих шинэ аргыг хэрэглэжээ. “Сансар дахь морины тах” хэмээх тогтолцоонд линз-галактик холын объектын гэрлийг нугалж, судалгааны боломж бүрдүүлсэн нь энэ нээлтийн түлхүүр болсон байна.

Бразилын Риу-Гранди-ду-Сул их сургуулийн судлаач Карлос Мело-Карнейро “Энэ аварга хар нүх одоогоор унтаа байдалд байгаа учраас эргэн тойрноосоо идэвхтэй матери татаж аваагүй” гэж тайлбарлажээ. Судлаачид мөн галактикийн төв орчимд оддын хөдөлгөөнийг шинжлэх “оддын кинематикийн арга”-ыг ашигласан бөгөөд 2007 оноос хойш авсан ажиглалтын өгөгдлүүдийг өндөр нарийвчлалтайгаар нэгтгэсэн байна.

SDSS J1148+1930 галактик нь олон жижиг галактик хоорондоо нийлснээр үүссэн бөгөөд төв дэх хар нүхнүүдийн нэгдэл нь ийм асар том биетийг бий болгосон байх магадлалтай. Энэ нь хэт их масстай хар нүхнүүд хэрхэн бүрэлдэн бий болдог тухай ойлголтыг нэг шат ахиулж өгч байна.

Онолын дагуу томоохон галактик бүрийн зүрхэнд хэт их масстай хар нүх оршдог. Эдгээр нь цаг хугацааны явцад хэмжээгээ нэмэгдүүлсээр байдаг ч Орчлонгийн 13.8 тэрбум жилийн настай хязгаар нь тэдний өсөлтийг зогсоодог. Иймд хамгийн том хар нүхний масс Нарныхаас 50 тэрбум дахин их байж болзошгүй хэмээн эрдэмтэд үзэж байна.

Энэхүү судалгааны үр дүн Monthly Notices of the Royal Astronomical Society сэтгүүлд хэвлэгджээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.