Apple iPhone 17-ийн үйлдвэрлэлийг Энэтхэгт төвлөрүүлж эхэллээ

нийтлэгч Содном Энхбаяр
Apple iPhone 17-ийн үйлдвэрлэлийг Энэтхэгт төвлөрүүлж эхэллээ

Apple корпораци стратегийн чухал алхам хийж, iPhone 17 загварын үйлдвэрлэлийг анх удаа бүхэлд нь Энэтхэгт шилжүүлээд байна. Таван үйлдвэрт зэрэг өргөжин байрласан энэхүү үйлдвэрлэл нь ирэх сард худалдаанд гарах дөрвөн төрлийн шинэ загварын зах зээлд гарах замыг нээж байгаа юм. Bloomberg-ийн мэдээлснээр, энэхүү өөрчлөлт нь олон арван жил Хятадад төвлөрсөн Apple-ийн гол үйлдвэрлэлийн баазаас хараат байдлыг мэдэгдэхүйц бууруулж байна.

Шинэ үйлдвэрүүдийн дунд Тата Группын Тамил Наду дахь байгууламж болон Бангалорын нисэх онгоцны буудлын ойролцоох Foxconn-ийн хүчин чадал багтаж байгаа бөгөөд ойрын жилүүдэд Тата групп Энэтхэг дэх нийт iPhone үйлдвэрлэлийн бараг талыг дангаараа хангах төлөвтэй байна.

Өргөжилтийн үр дүн хэдийнэ харагдаж эхэлжээ. 2025 оны дөрөвдүгээр сараас долдугаар сар хүртэлх хугацаанд зөвхөн Энэтхэгээс гаргасан iPhone-ийн экспорт 7.5 тэрбум ам.долларт хүрсэн бол өнгөрсөн санхүүгийн жилд нийт 17 тэрбум ам.долларт хүрсэн байна. Canalys-ийн тооцоогоор Энэтхэг анх удаа АНУ руу нийлүүлсэн ухаалаг гар утасны хэмжээгээр Хятадыг гүйцэж түрүүлсэн бөгөөд энэ чиг хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.

Үйлдвэрлэлийн төвийг шилжүүлэхэд худалдааны бодлого чухал нөлөө үзүүлжээ. АНУ-ын Трампын засаг захиргааны шийдвэрийн дараа Apple Энэтхэгийн бүтээгдэхүүнд 50 хувийн татвар ногдуулах эрсдэлтэй тулгарсан ч электрон бараа татвараас чөлөөлөгдсөн хэвээр байна. Энэ нөхцлийг хадгалах үүднээс Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күүк ирэх дөрвөн жилд АНУ-д нийт 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдсэн юм.

Нөгөө талаас, Хятад улс үйлдвэрлэлийн шилжилтийг хязгаарлах оролдлого хийж, Foxconn орон нутгийн үйлдвэрүүдээс хэдэн зуун инженерүүдээ татан авчээ. Үүний улмаас Apple Тайвань, Японоос шинэ мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах шаардлагатай болсон нь зардлыг нэмэгдүүлсэн байна. Гэсэн ч тус компани Энэтхэгт бүрэн хэмжээний угсралтын бааз бий болгож, дэд бүтцээ тасралтгүй өргөтгөсөөр байна.

Энэхүү өөрчлөлт нь Apple-ийн дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ Энэтхэгийг өндөр технологийн үйлдвэрлэлийн шинэ төв болгон төлөвшүүлж, нийлүүлэлтийн сүлжээнд томоохон шинэ хуудас нээж буйг шинжээчид онцолж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.