Саудын Арабын Эр-Рияд хотод эхэлсэн Esports World Cup 2025 тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөж байна. Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээний эхний тоглолтод Монголын The MongolZ баг Германы GamerLegion-ийг 2:0-ээр буулган авч, шөвгийн наймд үлдлээ.
Эхний Overpass map дээр манай баг хамгаалалт болон довтолгооны аль аль талд илүүрхэн тоглож, 13:7-ийн харьцаатай ялалт байгуулсан. Дараагийн Inferno map дээр довтолгоонд хүчтэй тоглон ердөө хоёр үе алдаж, хамгаалалтдаа ч амжилттай байсан тул 13:3-аар ялалт байгуулжээ. Тоглолтын шилдэг тоглогчоор багийн ахлагч Blitz буюу Б.Гарьдмагнай тодорсон юм.
Ийнхүү The MongolZ баг маргааш шөнө Украины Natus Vincere болон Францын 3DMAX-ийн тоглолтын ялагчтай шөвгийн наймд тулна.
Энэхүү тэмцээний аварга баг 500 мянган ам.доллар, хоёрдугаар байр 230 мянган ам.доллар, гуравдугаар байр 130 мянган ам.долларын шагнал хүртэх бөгөөд Team Vitality, FaZe Clan, MOUZ, Team Spirit зэрэг дэлхийн шилдгүүд өрсөлдөж байна.