Бээжинд Хятадын судлаачид тархины нейроны үйл ажиллагааг загварчилсан, эрчим хүчний хэрэглээг эрс багасгах чадвартай шинэ төрлийн хиймэл оюуны систем бүтээснээ зарлалаа.
“SpikingBrain-1.0” нэртэй уг том хэмжээний загварыг Хятадын Шинжлэх ухааны академийн Автоматжуулалтын хүрээлэнд албан ёсоор танилцуулжээ. Бүрэн сургагдсан энэ загвар нь дотоодын үйлдвэрлэлийн график процессор дээр ажилладаг онцлогтой.
Одоогийн дэвшилтэт хиймэл оюунууд “Transformer” бүтэц дээр суурилж, асар их эрчим хүч шаарддаг бол “SpikingBrain” нь биологийн мэдрэлийн эсүүдийн дохиоллын зарчим буюу спайк нейроны үйл ажиллагааг дууриалган, тархины бодит процессийг дуурайлган ажилладаг.
Автоматжуулалтын хүрээлэнгийн захирал Сюй Бо:
“Энэхүү загвар нь “Transformer”-гүйгээр хиймэл оюун хөгжүүлэх шинэ боломжийг нээж байна. Мөн эрчим хүчний хэрэглээ багатай нейроморф чип бүтээхэд урам зориг өгч буй” хэмээн онцоллоо.
Судалгааны багийн мэдээлснээр “SpikingBrain”-ы бүтцийн онцлог нь сургалтын үр ашиг өндөр байгаад оршино. Ердөө томоохон загваруудад шаардлагатай урьдчилан бэлтгэсэн өгөгдлийн 2 хувийг ашигласнаар хэл ойлгох болон логик таамаглалын даалгаварт дүйцэхүйц үр дүн гаргажээ.
Туршилтаар нэг сая тэмдэгт бүхий контекстоос анхны токеныг үүсгэхдээ “Transformer”-тэй харьцуулахад 26.5 дахин хурдан ажилласан нь батлагдсан байна. Энэ нь маш урт бичвэр боловсруулах боломжийг нээж, хууль эрх зүй, анагаахын баримт бичигт дүн шинжилгээ хийх, өндөр энергийн физикийн судалгаа, ДНХ-ийн дараалал загварчлах зэрэг олон салбарт хэрэглэгдэх ирээдүйтэй гэж судлаачид үзэж байна.
2 сэтгэгдэл
Ирээдүй айхтар сонирхолтой болж байна даа
Сайн талтай ч бас болгоомжлох хэрэгтэй юм шиг