Трампын хориг дахин сунгагдав
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын TikTok аппликейшнийг тус улсад ашиглахтай холбоотой хоригоо дөрөв дэх удаагаа сунгаж, 2025 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ. Энэ хугацаанд TikTok-ийг АНУ-ын зах зээлд орон нутгийн дэд бүтцээр, Америкийн хөрөнгө оруулагчдын хяналтан дор ажиллуулах шинэ хэлэлцээрийг бүрэн шийдвэрлэх зорилготой байна.
Шинэ бүтцийн загвар
The Wall Street Journal-ын мэдээлснээр, АНУ дахь TikTok-ийн бизнесийг Oracle, Silver Lake, Andreessen Horowitz зэрэг хөрөнгө оруулагчдын консорциум хянах бөгөөд:
- Америкийн тал 80 хувийг эзэмших,
- Хятадын тал үлдсэн 20 хувийг хадгалах нөхцөлтэй байна.
Шинэ бүтцийн удирдах зөвлөл нь голчлон Америкийн төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд нэг гишүүнийг АНУ-ын Засгийн газраас томилох аж. Үүний дараа тус улсын хэрэглэгчдийг гэрээний нөхцөлтэй нийцсэн ТikTok-ийн АНУ-д зориулсан хувилбар руу шилжихийг санал болгоно.
Oracle гол түнш болно
TikTok-ийн АНУ дахь үндсэн технологийн түнш нь Oracle байх бөгөөд Техаст байрлах дата төвүүдэд хэрэглэгчдийн мэдээллийг хадгалах, боловсруулах үүрэг хүлээнэ. Энэхүү гэрээ ойрын нэг сар гаруйн хугацаанд албан ёсоор байгуулагдах магадлалтай байна. Трамп Хятадын удирдагч Ши Жиньпинтэй ойрын өдрүүдэд энэ асуудлын нарийн ширийн талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессантын мэдээлснээр, одоогийн нөхцлүүд нь хаврын саналуудтай төстэй боловч АНУ-ын үндэсний аюулгүй байдлын шаардлага болон Хятадын талын ашиг сонирхлыг зэрэг харгалзан үзэж байгаа гэнэ.
Хятадын байр суурь
Бээжингийн албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, тэр дундаа People’s Daily сонин энэ тохиролцоог “хоёр талдаа ашигтай, харилцан ашиг сонирхлыг харгалзсан” гэж тодорхойлсон байна. Гэвч Хятадын тал TikTok-ийн технологийн экспорт, лицензийн асуудлыг хатуу хянахыг илэрхийлжээ.
TikTok-ийн ач холбогдол
Хоригийг хойшлуулснаар Google болон Apple компаниуд АНУ-ын аппликейшн дэлгүүрүүдээс TikTok-ийг устгах шаардлагагүй болсон. Түүнчлэн Хятадын тал TikTok-ийн америк хувилбарт зориулан зөвлөмжийн алгоритмыг лицензээр олгохоор тохиролцсон байна.
Одоогоор TikTok-ийг АНУ-д 170 сая хүн идэвхтэй ашиглаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Трамп энэ платформыг, ялангуяа залуу үзэгчдэд зориулан хадгалж үлдэх сонирхолтой байгаагаа онцолсон юм.