iPhone 15 цувралаас хойш Apple компани Lightning оролтоо халж, USB-C холбогч руу шилжсэн. Энэ нь олон хэрэглэгчийн хувьд нэг кабелиар Android болон iPhone цэнэглэх боломжтой болсон мэт санагддаг ч, интернет дээр энэ талаар “iPhone-г Android-ийн кабелиар цэнэглэх нь хор хөнөөлтэй” гэх мэт мэдээлэл түгээмэл таардаг. Тэгвэл үнэн нь юу вэ?
Гол асуудал нь кабелийн гарал бус, чанар
Apple-ийн инженерүүдийн үзэж буйгаар, USB-C кабелиар iPhone цэнэглэх нь өөрөө ямар ч асуудалгүй, харин тухайн кабелийн чанар, стандарт чухал. Тодруулбал:
- Хямд, брэндгүй кабель нь тогтворгүй гүйдэл дамжуулж, төхөөрөмжийг хэт халуулах, гэмтээх эрсдэлтэй.
- Apple-ийн оригинал болон MFi (Made for iPhone) гэрчилгээтэй кабелиуд аюулгүй байдал, хурдыг илүү сайн хангадаг.
USB Power Delivery (PD) дэмждэг кабель хэрэгтэй
USB-C нь бүх нийтийн холбогч хэдий ч цэнэглэх хурд, тогтвортой байдал нь тухайн кабель USB PD стандартыг дэмжиж буй эсэхээс шалтгаалдаг. Apple-ийн хамгийн сүүлийн үеийн цэнэглэгч AVS протокол хэрэглэдэг бол ихэнх Android адаптер PPS протоколтой. Хэдий тэд өөр системтэй ч, энэ нь цэнэглэх аюулгүй байдалд нөлөөлөхгүй, зөвхөн хурданд бага зэрэг нөлөөлж болно.
Кабелийн гурван түгээмэл төрөл
- Apple-ийн анхны USB-C кабель – Нийцтэй байдал, хурд, аюулгүй байдал хамгийн өндөр. iPhone-оос гадна iPad, MacBook-той төгс зохицдог.
- MFi баталгаажсан эсвэл өндөр чанартай USB-C кабель – Хурд арай бага байж магадгүй ч, аюулгүй байдал хангагдсан.
- Хямд, брэндгүй кабель – Эрсдэл хамгийн өндөр. Хэт халах, тогтворгүй гүйдэл, бүр оч үсрэх аюултай.
Үнэн: Android кабель iPhone-г “алдаг” домог худлаа
iPhone-ыг Android утасны адаптер болон кабелиар цэнэглэснээс болж гэмтсэн тохиолдол жирийн хэрэглээний түвшинд маш ховор. Жишээ нь, iPhone 15 Plus утас Xiaomi адаптертай ямар ч асуудалгүй ажилладаг.
Дүгнэлт
iPhone-оо Android-ийн USB-C кабелиар цэнэглэж болно. Гэхдээ чанар муутай, баталгаагүй кабелийг хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Хэрэв та хамгийн аюулгүй, хурдан цэнэглэлт хүсвэл Apple-ийн оригинал эсвэл MFi гэрчилгээтэй дагалдах хэрэгсэл ашиглах нь зүйтэй. Харин өдөр тутмын хэрэглээнд бол итгэлтэй брэндийн чанартай USB-C кабель ч хангалттай юм.