OpenAI ба AWS: шинэ стратегийн түншлэл
OpenAI компани Amazon Web Services (AWS)-тэй 38 тэрбум ам.долларын үнэ бүхий түүхэн гэрээ байгуулснаар АНУ дахь хэдэн зуун мянган NVIDIA GPU ашиглах боломжтой боллоо. Энэ нь тус компанийн Amazon-той байгуулсан анхны томоохон гэрээ бөгөөд сүүлийн таван жил Microsoft-ийн дэд бүтцэд түшиглэж байсан OpenAI-ийн бие даасан байдлыг бэхжүүлэх чухал алхам болж байна.
Гэрээний хүрээнд OpenAI нь эхний ээлжинд одоо байгаа AWS дата төвүүдийг ашиглах бөгөөд цаашид Amazon тус компанид зориулан тусгай дэд бүтэц байгуулна. “Энэ бол бүрэн тусдаа дэд бүтэц бөгөөд зарим нь аль хэдийн ашиглалтад орсон” гэж AWS-ийн машин сургалтын дэд ерөнхийлөгч Дэйв Браун мэдэгдэв.
Мэдэгдэл гарсны дараа Amazon компанийн хувьцаа 5 хувиар өссөн байна.
Microsoft-оос ангид шинэ стратеги
OpenAI нь 2019 оноос хойш Microsoft-той онцгой түншлэлтэй байсан бөгөөд Microsoft нийт 13 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч 2025 онд OpenAI тус онцгой статусаас гарах шийдвэр гаргаснаар бусад технологийн аваргуудтай хамтрах эрх нээгдэв.
Сүүлийн долоо хоногт OpenAI нь Oracle, Google компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан бол AWS нь эдгээрээс хамгийн том, стратегийн түншлэл болж байна.
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман:
“Хиймэл оюуны дараагийн эрин үед асар их тооцооллын хүчин чадал шаардлагатай. AWS-тэй байгуулсан энэхүү түншлэл нь дэлхийн AI экосистемийг шинэ шатанд гаргана.”
OpenAI цаашид Microsoft Azure үйлчилгээний хүчин чадлыг үргэлжлүүлэн ашиглах бөгөөд өнгөрсөн долоо хоногт 250 тэрбум долларын нэмэлт худалдан авалт хийсэн гэж мэдээлжээ.
Amazon-ийн хувьд стратегийн хожил
AWS нь OpenAI-ийн гол өрсөлдөгч Anthropic-ийн үндсэн түнш гэдгээрээ энэхүү гэрээ нь Amazon-д хоёр дахин ач холбогдолтой. Anthropic-т олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж буй Amazon одоо Индиана мужид 11 тэрбум долларын дата төвийн кампус барьж байна.
“Бидний санал болгож буй хүчин чадал болон хурд нь AWS-г AI-ийн дараагийн түвшинд хүргэж байгаа баталгаа” гэж AWS-ийн гүйцэтгэх захирал Мэтт Гарман онцолжээ.
Техникийн дэлгэрэнгүй ба ирээдүйн төлөвлөгөө
Гэрээний дагуу OpenAI нь NVIDIA GPU-ууд (Blackwell загваруудыг багтаасан) ашиглан ChatGPT болон ирээдүйн загваруудаа сургах ба дүгнэлт хийх ажлыг гүйцэтгэнэ. Мөн хамтын ажиллагаа цаашид бусад архитектур руу өргөжиж болзошгүй.
OpenAI нь Amazon-ийн Trainium чипийг ашиглах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч уг хэлэлцээрийг компани IPO буюу олон нийтэд нээлттэй гарах бэлтгэл алхам гэж шинжээчид үзэж байна.
OpenAI-ийн санхүүгийн захирал Сара Фрайер компанийн бүтцийн өөрчлөлт нь олон нийтийн статуст бэлтгэх стратегийн нэг хэсэг болохыг баталсан.