Орчин үеийн зөөврийн компьютер нь ажил, хичээл, энтертайнмент гээд бүхий л хэрэгцээнд нийцсэн түгээмэл төхөөрөмж болжээ. Гэвч хэрэглээ нэмэгдэхийн хэрээр “Төхөөрөмжөө батарейгаар нь ашиглах нь дээр үү, эсвэл тэжээлийн эх үүсвэрт байнга залгаатай байлгах нь зөв үү?” гэх асуулт байнга гардаг. Энэхүү асуултын хариулт энгийн мэт боловч бодит байдал дээр ашиглалтын горим бүр батарейн элэгдэлд өөр өөрөөр нөлөөлдөг онцлогтой.
Зөөврийн компьютерыг зөв ашиглах нь зөвхөн тухайн мөчийн тав тухын асуудал биш юм. Энэ нь төхөөрөмжийн ашиглалтын хугацаа, батарейн үр ашиг, цаашлаад засвар үйлчилгээний зардалд ч шууд нөлөөлдөг. Тиймээс батарейн ажиллагааны үндсэн зарчмыг ойлгож, хэрэглээгээ зөв тохируулах нь нэн чухал юм.
Батарейгаар ашиглах үед юуг анхаарах вэ?
Зөөврийн компьютерыг зөвхөн батарейгаар нь ажиллуулах нь түүний хамгийн том давуу талыг бүрэн ашиглаж буй хэлбэр юм. Гэвч ийм үед батарейн цэнэгийг бүрэн шавхаж дуусгах нь тохиромжгүй. Орчин үеийн Лити-ион (Li-ion) болон Лити-полимер (Li-Po) төрлийн батарейнууд цэнэггү байдалд мэдрэмтгий байдаг тул цэнэгийг 0 хувь хүртэл унагаах нь насжилтад сөргөөр нөлөөлдөг. Ихэнх тохиолдолд цэнэгийн түвшнийг 20-80 хувийн хооронд хадгалахыг хамгийн зөв гэж үздэг. Ийм горим нь батарейд ирэх ачааллыг бууруулж, урт хугацаанд илүү тогтвортой ашиглах боломж өгдөг.
Мөн эрчим хүч хэмнэх тохиргоог зөв ашиглах хэрэгтэй. Жишээлбэл, цэнэг тодорхой түвшнээс доош унах үед төхөөрөмжийг автоматаар унтрах горимд шилжүүлэх нь батарейг хэт шавхагдахаас хамгаалдаг. Ийм тохиргоо нь ихэнх үйлдлийн системд байдаг бөгөөд хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлэн тохируулах боломжтой.
Тогонд залгасан үед гарах эрсдэл
Олон хүн зөөврийн компьютероо байнга цэнэглэгчид холбоотой ашигладаг. Ялангуяа гэртээ эсвэл оффист тогтмол суудаг хүмүүсийн хувьд энэ нь хамгийн түгээмэл хэвшил болсон. Ийм үед тэжээл шууд адаптераас ирж, батарей нь туслах үүрэгтэй үлддэг. Энэ нь хэрэглээнд хялбар боловч мөн өөрийн гэсэн эрсдэлтэй.
Батарей удаан хугацаанд 100 хувийн цэнэгтэй байдалд байх нь аажмаар элэгдлийг түргэсгэж болзошгүй. Ялангуяа төхөөрөмж халах үед энэ нөлөө илүү хүчтэй мэдрэгддэг. Хэт халалт нь батарейн насжилтыг богиносгодог гол хүчин зүйлсийн нэг юм. Тухайлбал тоглоом тоглох, дүрс бичлэг боловсруулах, хүнд программ ажиллуулах үед зөөврийн компьютер их халдаг бол энэ нь батарейн байдалд таагүй нөлөө үзүүлж мэднэ.
Ийм эрсдэлийг багасгахын тулд төхөөрөмжөө үе үе тогноос салгаж, батарейгаар нь ажиллуулж байх нь зүйтэй. Долоо хоногт дор хаяж нэг удаа батарейг ажиллуулах нь түүнийг идэвхтэй хэвээр байлгахад тустай. Мөн төхөөрөмжийн халалтыг анхаарч, хөргөлт сайтай орчинд ашиглах нь чухал. Зарим шинэ загварын зөөврийн компьютер цэнэгийг 60-80 хувь дээр хязгаарлах ухаалаг функцтэй байдаг бөгөөд энэ нь батарейн ашиглалтын хугацааг мэдэгдэхүйц уртасгадаг.
Хамгийн зөв шийдэл нь тэнцвэртэй хэрэглээ
Зөөврийн компьютерыг зөвхөн тогноос тэжээж, суурин компьютер шиг ашиглах тохиолдол ч бий. Энэ нь ялангуяа тоглоом тоглодог эсвэл их нөөц шаардсан программ ашигладаг хүмүүст илүү тохиромжтой байдаг. Хэрэв төхөөрөмжийн бүтэц батарейг салгах боломжтой бол түүнийг 50-60 хувь орчим цэнэглээд түр салгаж хадгалах аргыг ашиглаж болно. Ингэснээр батарейн элэгдлийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой.
Гэхдээ батарей нь зөвхөн цэнэг хадгалах хэрэгсэл биш, мөн нөөц тэжээлийн эх үүсвэр болдог гэдгийг мартаж болохгүй. Хэрэв батарейгүй үед тог тасарвал зөөврийн компьютер шууд унтарч, хийж байсан ажил алдагдах эрсдэлтэй. Тиймээс ийм горимыг сонгох бол чанартай, төхөөрөмжтэй бүрэн нийцэх адаптер ашиглах шаардлагатай. Хүчдэл, чадал нь хүрэлцэхгүй цэнэглэгч ашиглавал систем тогтворгүй ажиллах, ачааллын үед гэнэт унтрах асуудал үүсэж болно.
Үнэн хэрэгтээ зөөврийн компьютер ашиглах төгс ганц горим гэж байдаггүй. Хамгийн зөв шийдэл нь хэрэглээний нөхцөлөөс шалтгаалан горимуудаа уялдуулан хэрэглэх явдал юм. Жишээлбэл, гэртээ байхдаа тогонд холбоод, гадуур явах үедээ батарейгаар ашиглах нь хамгийн уян хатан бөгөөд зөв хандлага болж чадна.
Ийм тэнцвэртэй хэрэглээ нь батарейд байнгын дарамт өгөхөөс сэргийлж, түүнийг ажиллах чадвартай хэвээр хадгалж, хэт халалт болон цэнэглэлт-шавхалтын мөчлөгийн сөрөг нөлөөг багасгадаг. Өөрөөр хэлбэл зөв хэрэглээ нь зөвхөн батарейг хамгаалаад зогсохгүй төхөөрөмжийг бүхэлд нь урт хугацаанд тогтвортой ашиглах нөхцөл болдог.
Тиймээс зөөврийн компьютероо зөв цэнэглэж ашиглах нь энгийн дадал мэт харагдавч үнэндээ төхөөрөмжийн насжилтад хүчтэй нөлөөлдөг. Батарейг хэтэрхий чанга хянах шаардлагагүй ч үндсэн дүрмүүдийг баримтлахад хангалттай. Цэнэгийн түвшнийг зохистой барих, халалтаас хамгаалах, чанартай дагалдах хэрэгсэл ашиглах, нөхцөлдөө тохируулан уян хатан хэрэглэх нь таны зөөврийн компьютерыг олон жилийн турш найдвартай ажиллахад тусална.