NVIDIA компани Хятад руу хүчирхэг хиймэл оюун ухааны (AI) процессор нийлүүлэхээ зогсоосон гэж Reuters мэдээллээ. Нийлүүлэлт зогссон ч АНУ өмнө нь эдгээрийн экспортыг зөвшөөрсөн байсан. Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Колетт Кресс Хятадын үйлчлүүлэгчдэд лицензтэй Hopper чип илгээхээ больсон гэдгийг баталжээ.
Кресс санхүүгийн тайлангийн үеэр 10 дугаар сарын 25-нд дууссан улиралд NVIDIA Хятад руу 2.4 тэрбум долларын үнэ бүхий Hopper үеийн лицензтэй серверийн бүтээгдэхүүн борлуулсан гэж мэдэгдсэн. Дараагийн үеийн таамаглалд шинэ нийлүүлэлт ороогүй байна.
Hopper гэр бүлд H200 багтдаг бөгөөд энэ нь NVIDIA-ийн орчин үеийн AI загварыг сургах, ажиллуулахад зориулсан хамгийн хүчирхэг процессоруудын нэг юм. Компани экспортыг зогсоосон шалтгааныг тайлбарлаагүй бөгөөд энэ шийдвэр байнгын эсэхийг тодруулаагүй.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп экспортын хязгаарлалтыг зөөлрүүлж, тусгай лиценз авсан тохиолдолд H200-ыг Хятадын зарим компанид нийлүүлэхийг зөвшөөрсөн. Энэ алхам Вашингтон, Бээжингийн хэлэлцээр болон NVIDIA-ийн удаан хугацааны лоббийн үр дүн болсон.
Харин Хятад өөрөө эдгээр процессорын импортыг хязгаарлаж, Америкийн технологиос хамааралтай байдлаа бууруулахыг зорьж эхэлсэн. Reuters-ийн мэдээлснээр, Бээжин тэдгээрийг олноор нь оруулах зөвшөөрөл өгөөгүй тул Хонконгийн агуулахуудад 600 мянга орчим H200 чип хуримтлагдсан байна.
Ингэснээр NVIDIA Америкийн экспортын дүрэм, Хятадын өөрийн AI салбараа хөгжүүлэх зорилгын хооронд орсон. Хятадын зах зээл рүү хүчирхэг AI процессор нийлүүлэх цаашдын асуудал тодорхойгүй хэвээр байна.