Apple компани энэ долоо хоногт iPhone-ийн шинэ дагалдах хэрэгсэл болох “iPhone Pocket” буюу гар утасны зориулалтын халаасыг танилцуулахаар болжээ. Энэхүү бүтээгдэхүүнийг тус компани Японы алдарт загварын брэнд “Issey Miyake”-тэй хамтран бүтээсэн байна.
Минималист хэв маяг ба хэрэглээний шинэ шийдэл
Хоёр брэндийн хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, Apple болон Issey Miyake нь минималист, функциональ дизайныг эрхэмлэдэг философиороо нийцэж, энэ төслөөр анх удаа хамтран ажиллаж байгаа аж.
Issey Miyake-ийн дизайны захирал Ёшиюки Миямаэ хэлэхдээ:
“iPhone Pocket нь хэрэглэгчдэд утсаа өөрийн хэв маягт тохируулан авч явах, биедээ зүүх шинэ таашаал өгөх зорилготой бүтээгдэхүүн юм,”
гэж тайлбарлажээ.
“iPhone Pocket” — хоёр хэмжээ, олон өнгийн сонголт
Шинэ халаас нь оймстой төстэй зүүдэг бүтэцтэй, хоёр төрлийн хэмжээтэй байх аж.
- Урт хувилбар ($230) — цүнх шиг мөрөндөө үүрэх зориулалттай.
- Богино хувилбар ($150) — гарын бугуйд зүүх эсвэл цүнхэнд бэхлэх боломжтой.
Бүтээгдэхүүн нь янз бүрийн өнгөний сонголттой гарч, 2025 оны 11-р сарын 14-нөөс эхлэн Apple-ийн онлайн дэлгүүр болон зарим улсын физик дэлгүүрүүдээр худалдаалагдана.
Apple ба Issey Miyake — олон жилийн холбоо
“iPhone Pocket” бол хоёр брэндийн анхны албан ёсны хамтын ажиллагаа боловч тэдний харилцаа Стив Жобсын үеэс эхлэлтэй.
Apple-ийн үүсгэн байгуулагч агсан Стив Жобс-ын өдөр бүр өмсдөг байсан хар хүзүүтэй цамц нь Issey Miyake брэндийн үүсгэн байгуулагч Иссей Мияке-гийн бүтээл байсан юм.
Жобс 2011 онд нас барсны дараа уг цамц брэндийн үндсэн бүтээгдэхүүний жагсаалтаас хасагдаж байжээ.


