ChatGPT удахгүй зар сурталчилгаа үзүүлж эхлэх үү?

нийтлэгч Содном Энхбаяр
ChatGPT удахгүй зар сурталчилгаа үзүүлж эхлэх үү?

OpenAI компани ChatGPT-д зар сурталчилгаа турших дотоод ажиллагаагаа эхлүүлсэн нь вэбийн эдийн засгийн дүрмийг өөрчилж болзошгүй нэг том өөрчлөлтийн дохио болж байна.

Одоог хүртэл “цэвэр” байсан орчин өөрчлөгдөх үү?

Өнөөдрийг хүртэл ChatGPT нь бүрэн заргүй орчин байлаа. Төлбөртэй багц, дэвшилтэт загварууд нэвтэрсэн ч үйлчилгээ өөрөө ямар нэг бүтээгдэхүүн санал болгодог, баннер, хайлтын зар үзүүлдэг тогтолцоогүй байсан.

Үүний эсрэгээр Google Search бол хэрэглэгчийн зан төлөвт шууд нөлөөлдөг, үр дүнгийн дээд хэсэгт байрлах зар сурталчилгааны хамгаас том экосистемтэй. Одоо OpenAI энэ загварын ижил төстэй хэлбэрийг GPT-д нэвтрүүлэх замыг хайж эхэлжээ.

Android бета хувилбар дахь шинэ дохио

X /хуучнаар Twitter/-ийн хэрэглэгч Tibor-ийн ил болгосноор Android-д зориулсан ChatGPT-ийн бета хувилбар 1.2025.329-д зар сурталчилгаатай холбоотой шинэ заалтууд нэмэгдсэн байна.

Код дотор “зах зээлийн контент”, “хайлтын зар”, “search ad orbit” зэрэг тодорхойлолт, тайлбарууд орсон нь ChatGPT-д хайлтын үр дүн дээр үндэслэсэн зар сурталчилгаа турших бэлтгэл явж байгааг илтгэжээ.

Хэрэв энэ тогтолцоо бүрэн хэрэгжвэл ChatGPT нь Google-тэй шууд өрсөлдөхөөс гадна зах зээлийн хүчний тэнцвэрийг өөрчилж мэднэ. Учир нь GPT нь хэрэглэгчидтэй өдөр тутам илүү гүн, урт хугацааны харилцаатай байдаг тул хэрэглэгчийн сонирхол, зан төлөвийн илүү нарийн өгөгдөлтэй байх магадлалтай.

Хувийн зар сурталчилгааны шинэ үе?

Ийм төрлийн мэдээлэл нь ChatGPT-д хэт хувийн, хэрэглэгчийн сонирхолд яг тааруулсан зар сурталчилгаа үзүүлэх суурь нөхцөл бүрдүүлнэ.

Онолын хувьд GPT нь ярианы явцад хэрэглэгчийг сонирхож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндүүдийг илүү сайн “мэдэрч”, түүн дээр нь тулгуурлан хайлтын хариунд спонсортой санал, линк, зах зээлийн агуулга оруулах боломжтой. Энэ нь Google-ийн хайлтын зарын загвартай төстэй, гэхдээ илүү ярианд суурилсан хэлбэр байж болох юм.

Алдагдсан мэдээллийн дагуу анхны үе шатанд зар сурталчилгаа зөвхөн хайлтын үр дүнд туршигдах бөгөөд цаашдаа интерфэйсийн бусад хэсэгт өргөжих хувилбар ч хаалттай сэдэв биш байна.

ChatGPT-ийн асар том урсгал ба сурталчилгааны потенциал

ChatGPT нь зарын бизнес загвар нэвтрүүлэхэд шаардлагатай бүх суурийг хэдийнэ бүрдүүлээд байна.

OpenAI-ийн дэмжлэгтэй тооцооллоор 2025 оны долдугаар сар гэхэд ChatGPT долоо хоногт 700 сая орчим идэвхтэй хэрэглэгч, 18 тэрбум орчим мессежийг боловсруулна гэж үзэж байсан бөгөөд одоогийн тоон үзүүлэлтүүд энэ хурдаар өссөөр байгаа гэж дүгнэжээ.

Өнөөдрийн байдлаар:

  • Үйлчилгээ долоо хоног бүр ойролцоогоор 800 сая хэрэглэгч хүрдэг гэж тооцогдож байна
  • GPT өдөрт дунджаар 2.5 тэрбум орчим хүсэлт боловсруулдаг
  • Энэтхэг нь ChatGPT-ийн хамгийн том зах зээл болж, хэрэглээний хэмжээгээр АНУ-ыг даваад байгаа тухай шинжээчид дурдсан
  • Зарим тооцоогоор ChatGPT-д сард 5–6 тэрбум орчим хандалт үүсдэг гэж үзэж байна

Ийм их урсгал нь зар сурталчилгааны хувьд асар том потенциал, нэгэн зэрэг маш эмзэг сорилтыг бий болгож байгаа юм.

Хэрэглэгчид хэрхэн хүлээн авах вэ?

ChatGPT зар сурталчилгааны загварыг ажиллуулах технологи, урсгал, өгөгдөл гурвыг нэгэн зэрэг бүрдүүлсэн хэдий ч үлдэж буй гол асуулт бол хэрэглэгчид энэ өөрчлөлтийг хэрхэн хүлээн авах вэ гэдэг.

Заргүй “цэвэр” орчинд дассан олон сая хэрэглэгчид төлбөргүй багцынхаа хариуд зар үзэхийг зөвшөөрөх үү, эсвэл эсэргүүцэж, өөр шийдэл хайх уу – энэ нь ChatGPT-ийн ирээдүйн дүр төрх, вэбийн нийт зарын экосистемийн тэнцвэрт шууд нөлөөлнө.

Нэг талд нь – компаниудын хувьд асар их орлогын шинэ эх үүсвэр. Нөгөө талд нь – хэрэглэгчийн туршлага, итгэлийг алдах эрсдэл. OpenAI энэ хоёрын зааг дээр ямар загвар сонгохыг ойрын сар, жилүүд тодорхой болгох гэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.