Биткойны ханш улирлын эхнээс л огцом унав

нийтлэгч Содном Энхбаяр
Биткойн шоконд орлоо: ханш нь улирал эхнээсээ огцом навс унав

Криптовалютын тэргүүлэгчийн үнэ шинэ сарын эхэнд дахин доошиллоо

Дэлхийн хамгийн том криптовалютын нэг болох биткойн арваннэгдүгээр сард тогтмол уруудах хандлагатай байсан бол арванхоёрдугаар сарыг ч мөн уналтаар эхэллээ. Тодруулбал, даваа гарагт биткойны ханш нэг өдрийн дотор 8 хувиар буурч, 83,879 ам.долларт хүрсэн байна. Үүнээс хойш бага зэрэг өсөж одоогийн байдлаар нэг биткойн 86,465 ам.доллароор арилжаалагдаж байна.

2021 оноос хойших хамгийн хүчтэй уналт

Арваннэгдүгээр сарын турш биткойны ханш нийтдээ 18 мянган ам.доллароор буурсан нь 2021 оны зунаас хойш ажиглагдаагүй хэмжээний огцом уналт болж тэмдэглэгдэв. Ханшийн энэ огцом сулрал нь криптовалют эзэмшигчдээс гадна корпорацуудын шийдвэрт нөлөөлж эхэлжээ.

Биткойн хамгийн их хэмжээгээр эзэмшдэг компаниудын нэг болох “Stradegy” даваа гарагт 2025 оны орлогын таамаглалаа бууруулсан аж. Үүний дараа тус компанийн хувьцааны үнэ бирж дээр 3.3 хувиар буурсанд хөрөнгө оруулагчдын болгоомжилсон хандлага улам нэмэгдэж байна.

Зах зээлд үл итгэх байдал нэмэгдэж, өсөлтийн төлөвт эргэлзээ төрж байна

Вашингтонд төвтэй “Monex USA” фирмийн арилжааны захирал Хуан Перез нөхцөл байдлыг тайлбарлахдаа:

“Крипто болон технологийн салбар дахь сонирхол буурч байгаа тул биткойны ханш унаж байна. Одоогийн байдлаар энэхүү сөрөг хандлага нь зах зээл дахь компаниудын төвлөрөл нэмэгдэж, тухайн салбарын өсөлт тогтвортой явагдах эсэхэд эргэлзээ төрсөнтэй холбоотой” гэж хэлжээ.

Ингэснээр биткойн болон криптовалютын эргэн тойрон дахь эрсдэл, болгоомжлол дахин бий болж, хөрөнгө оруулагчид дунд хугацааны төлөвийг дахин үнэлэх шаардлагатай нөхцөл байдал үүсэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.