Шинэ үеийн AI браузер гар утсанд нэвтэрлээ
Perplexity стартап өнгөрсөн зун Mac төхөөрөмжид зориулсан хиймэл оюунд суурилсан Comet браузерыг танилцуулж байсан бол одоо iPhone-д зориулсан хувилбарыг албан ёсоор гаргалаа. Анх App Store-д урьдчилсан захиалгын хэлбэрээр байршуулж, гуравдугаар сарын 11-нд нээхээр төлөвлөж байсан ч гаргалтыг нэг долоо хоногоор хойшлуулжээ. Одооноос эхлэн хэрэглэгчид уг браузерыг чөлөөтэй татаж суулгах боломжтой болсон байна.
Comet-ийн гар утасны хувилбар нь десктоп хувилбартайгаа адил Perplexity-ийн хайлтын систем болон суурилуулсан чат дээр төвлөрсөн хэвээр байна. Хөгжүүлэгчид үүнийг энгийн браузер бус, харин хэрэглэгчийн хиймэл оюунд суурилсан туслах, “сэтгэлгээний түнш” гэж тодорхойлж байна.
Өдөр тутмын хэрэглээг хялбарчлах боломжууд
Энэхүү браузер нь хэрэглэгчийн өмнөөс олон төрлийн даалгаврыг гүйцэтгэх чадвартай. Тухайлбал, вэбсайтуудын агуулгыг тайлбарлах, текстээс товч агуулга гаргах, онлайн худалдан авалтад туслах, хуваарь төлөвлөх болон судалгаа хийхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн хэрэглэгчийн дадал зуршлыг судалж, хэрэгтэй таб болон мэдээллийг алдахгүй байхад тусалдаг онцлогтой.
Гэсэн хэдий ч iPad-д зориулсан тусгай хувилбар энэ удаагийн гаргалтад багтаагүй бөгөөд одоогоор Comet экосистем iPhone, Mac, Windows болон Android платформыг хамарч байна.
Perplexity компани бүтээгдэхүүний шугамаа үргэлжлүүлэн өргөжүүлж байгаа бөгөөд саяхан Mac дээр ажиллах боломжтой Personal Computer нэртэй хиймэл оюуны агентыг мөн танилцуулсан байна.