Дэлхийн технологийн салбарын өнгийг тодорхойлж ирсэн Apple компанийг байгуулсны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1976 онд Калифорни мужийн нэгэн гараашнаас эхэлсэн энэ компани өдгөө хүн төрөлхтний амьдралын хэв маягт нөлөөлсөн дэлхийн хэмжээний корпорац болж өргөжжээ.
Apple компанийг үүсгэн байгуулах үндэс Стив Вознякын бүтээсэн компьютерын хэлхээний хавтангаас эхэлсэн түүхтэй. “Воз” нэрээр алдаршсан Америкийн зохион бүтээгч, электроникийн инженер, программ зохиогч Стив Возняк уг санааг боловсруулж, харин түүний найз Стив Жобс үүнийг бизнес болгон хөгжүүлэх боломжийг олж харснаар компанийн эхлэл тавигдсан байна. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Apple анхны ширээний компьютер, ухаалаг гар утсыг олон нийтийн хэрэглээнд түгээж, программ хангамж ба техник хангамжийн уялдаа холбоогоороо орчин үеийн технологийн салбарт томоохон өөрчлөлт авчирсан юм.
Apple хиймэл оюуны эрин үеийн шинэ сорилттой тулгарч байна
Гэхдээ 50 жилийн ойн босгон дээр iPhone үйлдвэрлэгч компани хиймэл оюуны эрин үед байр сууриа хадгалж үлдэх томоохон сорилттой нүүр тулж байна. Alphabet, Microsoft зэрэг өрсөлдөгч компаниуд хиймэл оюуны салбарт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, зах зээлийн тэргүүлэх байр суурийн төлөө өрсөлдөж эхэлжээ.
Тухайлбал, 2022 оны арваннэгдүгээр сард ChatGPT гарч ирснээс хойш Apple-ийн хувьцааны өсөлт технологийн салбарын “Шилдэг долоон” компанийн дундаас хамгийн сул үзүүлэлттэй байгааг шинжээчид онцолж байна. Тус компани 2017 оноос эхлэн чипэндээ машин сургалтын технологи ашиглаж ирсэн ч Siri ухаалаг туслахыг шинэчлэх ажил удааширсан нь хиймэл оюуны шинэ хэрэглээнд хангалттай бэлтгэлгүй байсныг илтгэж байна гэж хөрөнгө оруулагчид үзэж байгаа юм.
Үүнээс гадна OpenAI зэрэг компаниуд ухаалаг гар утасны ноёрхлыг өөрчлөх шинэ төрлийн төхөөрөмж бүтээхээр төлөвлөж байгаа нь өрсөлдөөнийг улам ширүүсгэж байна.
Бүтээгдэхүүний эрэлт өндөр хэвээр байна
Хэдийгээр өрсөлдөөн улам хүчтэй болж байгаа ч Apple-ийн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн дунд өндөр эрэлттэй хэвээр байна. Шинэ iPhone 17 цувралын борлуулалт өнгөрсөн оны сүүлийн улиралд компанийн ашгийг нэмэгдүүлэхэд голлон нөлөөлсөн бол 599 ам.долларын үнэтэй, хамгийн хямд зөөврийн компьютер болох MacBook Neo мөн зах зээлд амжилттай нэвтэрчээ.
Технологийн салбарын хараат бус шинжээч Бен Томпсон энэ талаар “Apple компани өнгөрсөн 50 жилд өөрийн гэсэн цогц бизнес загвараар ямар ч өрсөлдөгчгүй ноёрхож ирсэн. Харин ирэх 50 жилийн хувь заяа хиймэл оюун ухааны салбарт хэрхэн ажиллахаас, түүнчлэн “OpenAI” тэднийг гүйцэж түрүүлж чадах эсэхээс шууд хамаарна” хэмээн ярьсан байна.