Түгээмэл зөвлөгөө бүхэн ашигтай байдаггүй
Смартфоны цэнэгийг удаан барих тухай олон нийтэд түгээмэл тархсан зөвлөмжүүдийн нэлээд нь өнөөдөр аль хэдийнэ хуучирсан, зарим нь бүр эсрэгээрээ хор нөлөөтэй болжээ. Ийм зуршлууд нь цэнэг хэмнэхэд тус болохгүйгээс гадна батарейн нийт ашиглалтын хугацааг богиносгох эрсдэлтэй байдаг. Энэ талаар MakeUseOf мэдээлсэн байна.
Орчин үеийн ухаалаг утаснууд литий-ион болон литий-полимер төрлийн зайгаар ажилладаг. Ийм батарей нь цэнэглэх мөчлөгийн тодорхой хязгаартай ч нөгөө талаар хяналт, оновчлолын ухаалаг системүүдээр тоноглогдсон байдаг. Тиймээс ямар дадал үнэхээр хэрэгтэй, алийг нь орхих ёстойг зөв ойлгох нь чухал юм.
Домог 1: Смартфоныг заавал 0 хувь хүртэл нь цэнэггүй болгох хэрэгтэй
Батарейг бүрэн шавхах нь шаардлагатай зүйл биш бөгөөд бүр эсрэгээрээ зайд илүү их ачаалал өгдөг. Хамгийн зөв арга нь цэнэгийн түвшин ойролцоогоор 20–30 хувьд хүрэх үед утсаа цэнэглэгчид холбоход оршино. Зарим тохиолдолд эрчим хүч хэмнэх горимыг ашиглаж болно. Энэ нь арын процессуудыг түр хугацаанд хязгаарлаж, төхөөрөмжийн ажиллах хугацааг уртасгахад тусална.
Домог 2: Хурдан цэнэглэлт батарейд заавал муу нөлөөтэй
Орчин үеийн хурдан цэнэглэх технологиудыг аюулгүй байдлыг харгалзан боловсруулсан байдаг. Смартфон өөрөө температур болон чадлын түвшнийг хянаж, илүү өндөр хүчин чадалтай адаптер ашигласан ч зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зохицуулдаг. Иймээс хурдан цэнэглэлт өөрөө автоматаар батарейг гэмтээдэг гэж үзэх нь буруу юм.
Домог 3: Аппликейшнуудыг байнга хаах нь цэнэг хэмнэдэг
Үйлдлийн системүүд арын горимд ажиллаж буй процессуудыг өөрсдөө нэлээд үр ашигтай удирддаг болсон. Харин аппликейшныг ойр ойрхон хааж, дахин нээх нь заримдаа бүр илүү их эрчим хүч зарцуулах шалтгаан болдог. Үүнээс илүүтэй арын шинэчлэлтүүд болон далд ажиллаж буй үйлдлүүдийг хянах нь илүү ач холбогдолтой.
Домог 4: Утсаа шөнөжин цэнэглэж огт болохгүй
Орчин үеийн төхөөрөмжүүд 100 хувьд хүрмэгц цэнэглэлтийг автоматаар зогсоох, эсвэл батарейд ирэх ачааллыг багасгах дасан зохицох алгоритм ашиглах чадвартай болсон. Иймээс шөнө утсаа цэнэглэж орхих нь өмнөх шиг заавал аюултай гэж үзэх үндэс багатай юм.
Батарейн насжилтад үнэхээр нөлөөлдөг зүйлс
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар батарейн ажиллагаа, насжилтад илүү бодитоор нөлөөлдөг хүчин зүйлс бол дэлгэцийн гэрлийг зохистой түвшинд барих, хэрэггүй функцуудыг унтраах, мэдэгдэл болон арын процессуудыг хянах, мөн системийн шинэчлэлтийг цаг тухайд нь суулгах зэрэг юм. Тухайлбал Always-On Display эсвэл туслах үйлчилгээний байнгын идэвхтэй ажиллагаа нь илүү их эрчим хүч зарцуулж болзошгүй.
Эдгээр энгийн боловч үр дүнтэй дадлыг мөрдвөл өдөр тутмын цэнэгийн хэрэглээг бууруулахаас гадна батарейн ерөнхий ашиглалтын хугацааг уртасгах боломжтой.