ROG WiFi 8 Router санаа тайзан дээр гарлаа
Asus компани CES 2026 үзэсгэлэнгийн үеэр Wi-Fi 8-ыг дэмжинэ хэмээн тодорхойлсон дэлхийн анхны чиглүүлэгчээ олон нийтэд танилцууллаа. Гэхдээ Wi-Fi 8 стандарт өөрөө одоогоор эцэслэн батлагдаагүй бөгөөд ойрын хугацаанд албан ёсоор хэрэгжихгүй гэдгийг Asus өөрсдөө ч нээлттэйгээр дурдсан байна. Танилцуулсан төхөөрөмжийг ROG WiFi 8 Router гэж нэрлэсэн бөгөөд гадаад төрхөөрөө шинжлэх ухааны уран зөгнөлт киноны төхөөрөмж шиг өвөрмөц загвартай. Asus үүнийг “санаа” төдий байгааг тодотгосон бөгөөд техникийн нарийвчилсан үзүүлэлтүүд талаар мэдээлэл өгсөнгүй.
Wi-Fi 8 стандартын эцсийн шаардлага, техникийн үзүүлэлтүүд тодорхой болоогүй байгаа тул Asus хурд, зурвас, ашигласан чипсет зэрэг мэдээллийг зориудаар дэлгээгүй байна. Харин бодит орчинд анхны туршилтууд хийгдсэн гэдгийг онцолжээ. Мөн тус компани Wi-Fi 8-д суурилсан төхөөрөмжийн бүхэл бүтэн цувралыг цаашид танилцуулахаар төлөвлөж байгаа ба 2028 онд гарч магадгүй гэсэн хүлээлт байна.
Wi-Fi 7-оос гол өөрчлөлт нь хурд биш, тогтвортой байдал ба хоцрогдол
Asus-ын тайлбарласнаар, Wi-Fi 7-той харьцуулахад шинэ шийдэл нь дунд түвшинд дамжуулах чадварыг хоёр дахин нэмэгдүүлэх, IoT төхөөрөмжийн хамрах хүрээг хоёр дахин өргөжүүлэх, мөн ухаалаг олон AP ажиллагааны ачаар P99 үзүүлэлтээр хоцрогдлыг зургаа дахин бууруулах боломжийг өгнө гэжээ. Компаниас Wi-Fi 8-ыг “илүү хурд” гэхээсээ илүү “илүү тогтвортой холбоо, илүү хурдан хариу үйлдэл” гэж тодорхойлж байгаа юм.
Тус компанийн тайлбарын хүрээнд Wi-Fi 8 чиглүүлэгчийг холболтын уналтыг багасгах, байршлаас үл хамааран жигд ажиллагааг хадгалах, бага чадлын төхөөрөмжүүдийн хоёр талын харилцааг сайжруулах замаар сүлжээнд холбогдсон бүх төхөөрөмжийн ажиллагааг илүү тогтвортой болгоход чиглэнэ гэжээ.
Мөн олон айлын орон сууцанд түгээмэл тулгардаг радио орчны шахалт, сувгийн зөрчил, ачааллын асуудлыг ухаалаг спектрийн зохицуулалтаар бууруулах боломжтой гэж Asus онцолжээ.
Үүнтэй зэрэгцэн Intel болон MediaTek компаниуд ч өмнө нь Wi-Fi 8 стандарт нь дамжуулах чадварыг огцом өсгөхөөс илүүтэй тогтвортой байдал, хоцрогдлыг бууруулах чиглэлд төвлөрнө гэж мэдэгдэж байсан.