Олон жилийн дараа H1 индекс эргэн ирж, Canary дээр туршиж эхэлжээ
Windows 11 2021 онд гарснаас хойш Microsoft шинэчлэлтийн бодлогоо өөрчилж, жилд хоёр том хувилбар гаргадаг загвараас татгалзан, зөвхөн жилийн хоёрдугаар хагаст нэг удаа (H2) шинэчлэлт гаргадаг болсон. Иймээс хэрэглэгчид 24H2, 25H2 гэх мэт зөвхөн H2 тэмдэглэгээтэй хувилбаруудыг харж дассан. Харин 2026 онд энэ хэв маяг зөрчигдөх нь.
Microsoft Windows 11-ийн 26H1 хувилбарыг бэлтгэж байгаагаа албан ёсоор баталгаажуулсан бөгөөд энэ нь олон жилийн дараа жилийн эхний хагаст гарах H1 индекстэй анхны шинэчлэлт болох юм. 2025 оны намар анх цуурхал хэлбэрээр яригдаж байсан мэдээлэл одоо бодит болж, угсралтууд Windows Insider программын Canary Channel дээр туршигдаж эхэлжээ. Гэхдээ уламжлалт “том” шинэчлэлтүүдээс ялгаатай нь 26H1 нь хэрэглэгчдэд шинэ функц, томоохон интерфейсийн өөрчлөлт авчрахгүй гэж онцолж байна.
26H1 нь бүх хэрэглэгчид биш, шинэ ARM төхөөрөмжүүдэд зориулагдана
Windows 11 26H1 нь өргөн хүрээнд түгээгдэх шинэчлэлт биш. Microsoft үүнийг “тодорхой платформуудад” зориулсан гэж тодорхой тайлбарласан бөгөөд ялангуяа Snapdragon X2 процессортой шинэ төхөөрөмжүүд болон Windows-д зориулсан NVIDIA-ийн ARM процессорууд дээр голчлон чиглэж байгааг дотоод эх сурвалжууд дурдсан байна.
CES 2026 үзэсгэлэн дээр ASUS зэрэг хэд хэдэн зөөврийн компьютер үйлдвэрлэгч 2026 оны эхний улиралд худалдаанд гарах Snapdragon X2-той загваруудаа Windows 11 26H1-тэй хамт гаргана гэдгээ баталгаажуулсан гэх мэдээлэл ч байна. Үүнээс харахад 26H1 нь шинэчлэлт гэхээсээ илүү ARM суурьтай шинэ төхөөрөмжүүдийн “гарааны” систем болох нь илүү логик харагдаж байна.
Иймээс одоо ашиглагдаж буй олон компьютер Windows Update-ээр 26H1-ийг харахгүй. Гэхдээ энэ нь тэд шинэчлэлтгүй үлдэнэ гэсэн үг биш. Техник хангамжаас үл хамаарах бүх сайжруулалт, нийт хэрэглэгчдэд хамаарах өөрчлөлтүүд 2026 оны хоёрдугаар хагаст гарах Windows 11 26H2-той хамт түгээгдэх юм.
Үүнтэй төстэй байдал 2024 онд давтагдаж байсан. Тухайн үед Windows 11 24H2 эхэндээ Copilot+ компьютерүүд дээр түрүүлж гарч, хэдэн сарын дараа бүх дэмжигдсэн төхөөрөмжүүдэд нэвтэрч байсан.
Microsoft мөн Windows 11 25H2 болон 26H1 нь үйл ажиллагааны хувьд ижил түвшинд байна гэж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл 26H1-ийн зорилго нь “шинэ зүйл нэмэх” биш, харин системийн суурийг шинэ үеийн техник хангамжид тааруулан бэлтгэхэд чиглэнэ. Үүнд платформын шинэчлэл, шинэ ARM чипүүдийн дэмжлэг, Windows-ийн цаашдын хөгжлийн төлөө шаардлагатай гүн системийн өөрчлөлтүүд багтана гэж тайлбарлаж байна.
Мөн 26H1 болон 26H2 нь 24H2, 25H2 шиг нэг нийтлэг суурин дээр “давхарлаж” ирэхгүй байж магадгүй нь онцлох цэг. Өөрөөр хэлбэл 2026 оны сүүлээр хэрэглэгчид илүү “бүрэн” системийн шинэчлэл авах нөхцөл бүрдэх боломжтой гэж үзэж байна.