Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр, нэр нь тодорхойгүй этгээд нэгэн иргэний фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч, түүний найз нөхөд, ах дүүст нь зурвасаар хандаж мөнгө гуйх замаар нийт 2,102,000 төгрөгийг залилан авчээ.
Энэ төрлийн гэмт хэрэг нь фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтрэх, хуурамч мэдээллээр итгэл төрүүлж, яаралтай тусламж хүссэн мэт мессеж илгээх, мөнгө гуйх байдлаар үйлдэгдэж байна. Хэрэгтэн “эмнэлэгт байна”, “түр хугацаанд шилжүүлчих”, “дараа хүүтэй нь өгнө” гэх зэрэг шалтгаанаар хүмүүст хандсан байна.
Цагдаагийн байгууллага уг хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд иргэдийг дараах зүйлсэд анхаарахыг сануулж байна:
Сэрэмжлэх зүйлс:
- Фэйсбүүк хаягийн нууц үгийг тогтмол өөрчилж байх
- 2 шатлалт нэвтрэлтийн тохиргоог идэвхжүүлэх
- Танил хүнээс гэнэт мөнгө гуйсан зурвас ирвэл утсаар холбогдон баталгаажуулах
- Хувийн мэдээллээ үл таних хүмүүст дамжуулахгүй байх
Цахим гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа тул иргэн бүр өөрийн мэдээллийн аюулгүй байдалд хариуцлагатай хандах шаардлагатай байна.