Хиймэл оюуныг хэт их ашиглах нь ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Хиймэл оюуныг хэт их ашиглах нь ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна

Хиймэл оюун ухаан бичиг баримт боловсруулж, тайлан гаргах, харилцааны ачааллыг бууруулах зэрэг олон давуу талтай ч түүнийг хэт их хамааралтайгаар ашиглах нь ажил хэргийн үр дүнд сөргөөр нөлөөлж буйг сүүлийн үеийн судалгаанууд онцолж байна.

“Workslop” — мундаг мэт харагдавч хоосон агуулга

Стэнфордын их сургуулийн профессор Жефф Ханкотт 2022 онд ChatGPT олон нийтэд нээлтээ хийсний дараахан оюутнуудын судалгааны ажлыг шалгах явцдаа нийтлэг нэгэн хандлагыг анзаарчээ. Түүний хэлснээр, судалгааны ажлууд их хэмжээний тексттэй боловч бодит үнэт агуулгагүй, дүн шинжилгээ муутай, нэгэн хэвийн, нуршсан байдалтай байсан аж.

Энэхүү хандлагыг тэрбээр “workslop” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь мэргэжлийн мэт харагдах боловч үнэн хэрэгтээ хоосон, ач холбогдолгүй, хиймэл оюунаар боловсруулсан ажил гэсэн утгатай юм.

Бодит байдал дээрх сөрөг нөлөө

Профессор Ханкоттын тэмдэглэснээр, ийм төрлийн агуулга хэрэглэгчид, ажил олгогчдод эргэлзээ төрүүлж, тухайн бичвэрийг “хүн бичсэн үү, эсвэл хиймэл оюун боловсруулсан уу?” гэх асуудал гаргаж эхэлдэг байна. Ийм нөхцөл байдал нь ажил мэргэжлийн орчинд итгэлцэл, үр ашиг, хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг гэж тэр онцолжээ.

MIT Media Lab-ийн хийсэн судалгаагаар 2023 оноос хойш ажлын байранд хиймэл оюуны хэрэглээ 21 хувиас 40 хувь хүртэл өссөн ч, оролцсон компанийн 95 хувь нь хиймэл оюуны хэрэглээ тухайн ажлын үр дүнд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлээгүй хэмээн дүгнэсэн байна. Үүний шалтгааныг судлаачид мөн workslop үзэгдэлтэй холбон тайлбарлажээ.

Хиймэл оюунд найдахын сөрөг үр дагавар

Судалгаагаар илэрсэн нэг сонирхолтой баримт бол, ажилтнуудын 50 хувь нь хамтран ажиллагчийн хийсэн ажлыг workslop гэж харсан тохиолдолд тухайн хүнийг мэргэжлийн бус, бүтээмжгүй, найдвартай бус гэж дүгнэдэг аж. Цаашлаад оролцогчдын гуравны нэг нь энэ сэтгэгдлээ шууд илэрхийлдэг бөгөөд хамтран ажиллах сонирхол буурдаг гэжээ.

Эдгээр үзүүлэлтүүд нь хиймэл оюуныг зохистой хэмжээгээр, шүүлтүүртэй, хүний хяналттай ашиглах шаардлагыг илүү тодотгож байна. Технологи хүний ажлыг дэмжих хэрэгсэл болохоос биш бодит чадварын орлуулалт болж болохгүй гэдгийг энэ судалгаа харуулж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.