Хятадын технологийн компаниуд хиймэл оюуны салбарт хямд, илүү ухаалаг шийдлүүдийг эрчимтэй хөгжүүлсээр байна. Тэдний нэг болох “Z.ai” компани “GLM-4.5” нэртэй шинэ загвараа танилцуулж, зах зээлд хямд өртгөөр өрсөлдөх боломжийг бүрдүүлж байгаа талаар мэдээлжээ.
Тус загвар нь “agentic AI” буюу даалгаврыг автомат байдлаар дэд даалгаварт хуваан илүү үр дүнтэй гүйцэтгэх чадвартай технологид суурилсан бөгөөд нээлттэй эх үүсвэртэй тул хөгжүүлэгчид үнэ төлбөргүй татан авч ашиглах боломжтой юм. “GLM-4.5” нь одоогийн байдлаар өрсөлдөгч “DeepSeek”-ийн загвараас хоёр дахин бага хэмжээтэй, илүү хөнгөн бүтэцтэй аж.
Энэхүү загвар нь АНУ-ын экспортын хязгаарлалтад нийцүүлэн Хятадын зах зээлд зориулж бүтээгдсэн “Nvidia” компанийн “H20” нэртэй тусгай чипийн ердөө наймыг ашиглан ажиллах боломжтой бөгөөд “Z.ai” компанийн зүгээс нэмэлт чип худалдан авах шаардлагагүй, хангалттай нөөцтэй гэдгээ онцолжээ. Гэсэн ч сургалтын явц дахь нийт өртгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгөөгүй байна.
Тооцооллын хувьд “GLM-4.5” загварын 1 сая оролтын токен боловсруулах зардал 0.11 ам.доллар, 1 сая гаралтын токен боловсруулахад 0.28 ам.доллар ногдож байгаа нь зах зээл дэх бусад өрсөлдөгч загваруудаас хамаагүй хямд үзүүлэлт юм. Жишээлбэл, “DeepSeek” энэ үзүүлэлтийг 0.14 ба 2.19 ам.доллароор, “Alibaba”-ийн “Moonshot”-ын “Kimi K2” загвар харгалзан 0.15 болон 2.50 ам.доллараар тооцдог байна.