Олон жилийн дараа H1 индекс эргэн ирж, Canary дээр туршиж эхэлжээ
Windows 11 2021 онд гарснаас хойш Microsoft шинэчлэлтийн бодлогоо өөрчилж, жилд хоёр том хувилбар гаргадаг загвараас татгалзан жилийн хоёрдугаар хагаст нэг удаагийн хувилбар (H2) гаргах хандлагад шилжсэн. Тиймээс хэрэглэгчид 24H2, 25H2 гэх мэт зөвхөн H2 тэмдэглэгээтэй хувилбаруудыг харахад дассан. Харин 2026 онд энэ хэв маяг анх удаа зөрчигдөх нь.
Microsoft Windows 11-ийн 26H1 хувилбарыг бэлтгэж байгаагаа албан ёсоор баталгаажуулсан бөгөөд энэ нь олон жилийн дараа жилийн эхний хагаст гарах H1 индекстэй анхны шинэчлэлт болох юм. 2025 оны намар анх цуурхал хэлбэрээр яригдаж байсан мэдээлэл одоо бодит болж, угсралтууд Windows Insider програмын Canary Channel дээр туршигдаж эхэлжээ. Гэхдээ уламжлалт “том” шинэчлэлтүүдээс ялгаатай нь 26H1 нь хэрэглэгчдэд шинэ функц, томоохон интерфэйсийн өөрчлөлт авчрахгүй гэж онцолж байна.
26H1 нь бүх хэрэглэгчид биш, шинэ ARM төхөөрөмжүүдэд зориулагдана
Энэ шинэчлэлтийн гол санаа нь түгээмэл тараах биш. Microsoft Windows 11 26H1 нь зөвхөн “тодорхой платформуудад” зориулагдсан гэж тодорхой мэдэгдсэн бөгөөд ялангуяа шинэ Snapdragon X2 процессортой төхөөрөмжүүд, мөн Windows-д зориулсан NVIDIA-ийн ARM процессоруудын талаар дотоод орчинд идэвхтэй яригдаж байгаа нь онцлог болж байна.
CES 2026 дээр ASUS зэрэг хэд хэдэн зөөврийн компьютер үйлдвэрлэгч 2026 оны эхний улиралд худалдаанд гарах шинэ Snapdragon X2 загваруудаа Windows 11 26H1-тэй хамт гаргана гэдгээ аль хэдийн баталгаажуулсан гэх мэдээлэл дагалдаж байна. Үүнээс харахад 26H1 нь өргөн хэрэглэгчдэд чиглэсэн шинэчлэлт гэхээсээ илүү ARM суурьтай шинэ төхөөрөмжүүдийн “гарааны” систем болох логиктой.
Харин одоо ашиглагдаж буй олон компьютерийн эзэд Windows Update дээр 26H1-ийг харахгүй. Гэсэн ч энэ нь тэд шинэчлэлтгүй үлдэнэ гэсэн үг биш гэж тайлбарлажээ. Техник хангамжаас хамаарахгүй бүх сайжруулалт, олон нийтэд хамаарах өөрчлөлтүүд 2026 оны хоёрдугаар хагаст гарахаар төлөвлөсөн Windows 11 26H2-той хамт нийт хэрэглэгчдэд хүрнэ.
Үүнтэй төстэй байдал 2024 онд давтагдаж байсан. Тухайн үед Windows 11 24H2 эхэндээ Copilot+ компьютерууд дээр түрүүлж гарч, хэдэн сарын дараа бүх дэмжигдсэн төхөөрөмжүүдэд нэвтэрсэн жишээг дурдсан байна.
Microsoft мөн Windows 11 25H2 болон 26H1 нь үйл ажиллагааны хувьд ижил түвшинд байна гэж баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл 26H1-ийн зорилго нь “шинэ зүйл нэмэх” биш, харин системийн суурийг шинэ үеийн техник хангамжид тааруулан бэлтгэхэд чиглэнэ. Үүнд платформын шинэчлэл, шинэ ARM чипүүдийн дэмжлэг, Windows-ийн цаашдын хөгжлийн төлөө шаардлагатай гүн системийн өөрчлөлтүүд багтана гэж тайлбарлаж байна.
Мөн 26H1 болон 26H2 нь 24H2, 25H2 шиг нэг нийтлэг суурин дээр “давхарлаж” ирэхгүй байж магадгүй нь онцлох цэг. Өөрөөр хэлбэл 2026 оны сүүлээр хэрэглэгчид илүү “бүрэн” системийн шинэчлэл авах нөхцөл бүрдэх боломжтой гэж үзэж байна.