Польшийн Volonaut компанийн инженерүүд ирээдүйн тээврийн шинэ шатанд хүрсэн нисдэг мотоцикл-ийг олон нийтэд танилцууллаа. Airbike нэртэй уг төхөөрөмж нь классик уран зөгнөлт кинонуудын нисдэг тээврийн хэрэгслийг санагдуулам хэлбэртэй бөгөөд зах зээлд анх удаа реактив хөдөлгүүртэй ховербайк гэдгээрээ онцлог юм.
“Оддын дайн”-аас сэдэвлэсэн технологийн шийдэл
Компанийн үүсгэн байгуулагч, зохион бүтээгч Томаш Патан энэхүү бүтээлийг гардан удирдан хөгжүүлжээ. Тэрбээр “Airbike бол уран зөгнөлт кинонд гардаг Speeder Bike-ийг бодит амьдралд буулгах гэсэн оролдлогын маань үр дүн” хэмээн онцолсон байна.
Тус тээврийн хэрэгсэл нь энгийн сэнсний оронд тийрэлтэт хөдөлгүүр ашигладаг бөгөөд нислэгийн тогтвортой байдлыг хангах патентлагдсан тогтворжуулагч систем, дотоод удирдлагын компьютер-оор тоноглогдсон. Эдгээр технологийн ачаар Airbike агаарт автоматаар тэнцвэрээ хадгалж, хэрэглэгчдэд хялбар, мэдрэмжтэй удирдлагыг санал болгодог байна.
Анхны тогтвортой нислэгийг 2023 оны 5-р сард Польшид хийсэн бөгөөд багийнхны хэлснээр энэ бол олон сар үргэлжилсэн туршилт, бүтэлгүйтэл, сайжруулалтын үр дүн ажээ.
Хөнгөн, хурдан, ирээдүйд ойрхон
Хэдийгээр Airbike-ийн техникийн нарийн үзүүлэлтүүд одоогоор ил болоогүй байгаа ч, компанийн урьдчилсан мэдээллээр уг төхөөрөмж цагт 200 км хүртэл хурдлах чадвартай. Хэт хөнгөн карбон файбер материалаар бүтээгдсэн тул жирийн мотоциклоос долоо дахин хөнгөн ажээ.
Бүтээгчдийн хэлж буйгаар, нисэгч Airbike-ийн удирдлагад суухдаа яг л машиныг жолоодоход бус, харин өөрөө байкын нэг хэсэг болсон мэт мэдрэмж авч, агаарт хөвөх мэдрэхүйг өөрийн биеэр мэдэрдэг гэнэ.
Хэдийгээр үйлдвэрлэлийн тов, үнийн мэдээлэл хараахан зарлагдаагүй байгаа ч, энэхүү бүтээл нь зах зээлд ойртож буй технологийн ирээдүйг илэрхийлж байна. Алс хэтдээ Airbike нь хотуудын дээгүүр чөлөөтэй хөвөх шинэ үеийн хувийн тээврийн хэрэгсэл болох боломжтой гэж үзэж байна.