Unitree H1 хүн дүрст роботуудын дундах дээд хурдыг шинэчилж, 10.1 м/с хүрлээ

нийтлэгч Содном Энхбаяр
Unitree H1 хүн дүрст роботуудын дундах дээд хурдыг шинэчилж, 10.1 м/с хүрлээ

Хятадын Unitree Robotics компанийн бүтээсэн H1 хүн дүрст робот секундэд 10.1 метрийн хурдтай гүйж, энэ салбарын шинэ дээд амжилтыг тогтоосон талаар Global Times мэдээллээ. Энэ үзүүлэлт нь хүн дүрст роботуудын хувьд рекордод тооцогдож байгаа бөгөөд олимпын түвшний тамирчдын хурдтай улам ойртож эхэлснээрээ онцлог болж байна.

H1 робот 62 килограммын жинтэй бөгөөд гуя, шилбэний нийлбэр урт нь 80 сантиметртэй аж. Энэ нь хүний биеийн харьцаатай ойролцоо үзүүлэлт гэж тайлбарлагдаж байна. Түүний хурд нь эрэгтэйчүүдийн 100 метрийн дэлхийн дээд амжилтад ч нэлээд ойртсон байна. Усэйн Болт 2009 онд 100 метрийн зайг 9.58 секундэд туулж, дундаж хурдыг секундэд 10.44 метр болгож байсан билээ.

Unitree компанийн гүйцэтгэх захирал Ван Синсин 2026 оны дунд үе гэхэд хүн дүрст роботууд 100 метрийн зайг 10 секундээс бага хугацаанд туулах түвшинд хүрч магадгүй гэж мэдэгдсэн байна.

Харьцуулбал, үүнээс өмнө Tien Kung Ultra робот 100 метрийн гүйлтэд 21.50 секундын амжилт үзүүлж түрүүлж байсан бол өөр багуудын нэрийн өмнөөс өрсөлдсөн хоёр H1 роботыг ардаа орхиж байв.

Мөн энэ оны хоёрдугаар сард Хятадын MirrorMe компанийн танилцуулсан Bolt робот ч өндөр хурдтай загваруудын нэг болж байсан. Тус робот 175 сантиметр өндөр, 75 килограмм жинтэй бөгөөд дээд тал нь секундэд 10 метрийн хурд гаргах чадвартай гэж мэдээлж байжээ.

Үүнээс гадна дөрөвдүгээр сарын 19-нд хүн дүрст роботуудын хоёр дахь хагас марафон зохион байгуулагдах тов гарсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар энэ удаагийн тэмцээнд нэг биш, хэд хэдэн өндөр хурдтай робот нэг зам дээр өрсөлдөх боломжтой аж.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.