Монголын үүрэн холбооны салбарт тэргүүлэгч Мобиком Корпораци ХХК шинэ үеийн 5G сүлжээг хэрэглэгчдэд албан ёсоор хүргэж эхэллээ. Хэдхэн сарын өмнө Улаанбаатар болон Эрдэнэт хотуудын тодорхой бүсэд туршигдаж байсан 5G сүлжээг одооноос эхлэн хэрэглэгч бүр ашиглах боломжтой болсон нь технологийн салбарын хувьд томоохон ахиц юм.
5G-ийн бодит чадвар ямар байв?
Мобикомын 5G сүлжээг бодитоор туршихад дараах үр дүн гарчээ. 4G сүлжээнээс дор хаяж 10-25 дахин, дундаж гэрийн интернэтээс 5-10 дахин хурдан байсан бөгөөд энэхүү хурд утсаар интернэт цацахад ч хадгалагдсан. Netflix-ээс 50 минутын кино татахад ердөө 14.61 секунд зарцуулсан бол 4K нягтаршилтай бичлэгийг ямар ч гацалтгүй үзэх боломжтой байв. Энэ нь 5G технологийн өндөр хурд, багтаамж, тогтвортой байдлыг шууд илтгэж байна.
Мобиком ба дараагийн үеийн сүлжээ
5G сүлжээний бэлтгэл ажлыг Мобиком 2022 оноос үе шаттайгаар хангаж эхэлсэн бөгөөд олон улсын жишгийн дагуу технологийн шилжилтийг амжилттай хэрэгжүүлж чаджээ. 2024 оны аравдугаар сарын байдлаар дэлхийн 184 орон, бүс нутаг 5G-д хөрөнгө оруулалт хийж буй нь уг технологийн ач холбогдлыг илтгэж байна. Монголын хувьд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон бүх аймгийн төвүүдэд 5G сүлжээ аль хэдийн нэвтэрсэн бөгөөд ирэх саруудад хэрэгцээнд тулгуурлан орон даяар өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Мобиком Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима “Шинэ технологийг нэвтрүүлэхдээ бид хэрэглэгчийн бодит хэрэгцээг нэн тэргүүнд тавьж ажилладаг. 5G бол зөвхөн хурд бус, ирээдүйн дижитал шилжилтийн үндэс” хэмээн онцолжээ.
5G сүлжээ хаана ажиллаж эхлэв?
5G сүлжээний анхны байршлуудад Улаанбаатар хотын гол дүүргүүд, Дархан, Эрдэнэт болон 21 аймгийн төвүүд багтаж байна. Мөн Чингис Хаан Олон улсын нисэх онгоцны буудал уг сүлжээнд холбогдсон бөгөөд цаашид байршлууд тасралтгүй нэмэгдэх юм.
Гар утсаа 5G-д хэрхэн тохируулах вэ?
Таны төхөөрөмж 5G сүлжээ дэмждэг бол дараах байдлаар тохиргоо хийгээрэй:
iOS системтэй бол:
Settings > Cellular > Cellular Data Options > Voice & Data
эсвэл
Settings > Mobile Data > Mobile Data Options > Voice & Data
Android системтэй бол:
Settings > Connections > Mobile Network > Network mode > 5G
Мобикомын 5G сүлжээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан ёсны вэб сайтад хандана уу.