Хулганын дотор TWS чихэвч хадгалж, цэнэглэх шийдэл багтжээ
Honor компани MouseBuds Pro нэртэй шинэ компьютерийн хулганаа танилцууллаа. Энэ төхөөрөмжийн онцлог нь зөвхөн утасгүй хулгана байгаад зогсохгүй TWS чихэвчний цэнэглэх суурийн үүргийг давхар гүйцэтгэж байгаад оршиж байна. Чихэвчнүүд нь хулганын их биений дотор хадгалагддаг бөгөөд тэдгээрийг гаргаж авахын тулд дээд тагийг нь онгойлгох хэрэгтэй аж. Ийм шийдлийн ачаар тусдаа цэнэглэх кейс авч явах шаардлагагүй болжээ.
Чихэвч нь ANC идэвхтэй дуу чимээ дарах системтэй бөгөөд LCP диафрагмтай драйвераар тоноглогдсон байна. Харин хулганын хувьд 1200 DPI үзүүлэлттэй PixArt оптик мэдрэгч, таван сая даралтын нөөцтэй TTC унтраалгуур суурилуулжээ. Төхөөрөмжийн жин 78 грамм байна.
Нэг аккумулятораар хулгана, чихэвч хоёрыг зэрэг ажиллуулна
MouseBuds Pro-ийн хулгана болон чихэвч хоёул нэгтгэсэн 1000 мАц багтаамжтай аккумулятораас тэжээл авдаг байна. Компанийн мэдээлснээр энэ нь бараг нэг сарын турш дахин цэнэглэхгүй ашиглах боломж олгох аж. Холболтын хувьд нэг USB ресивер ашигладаг бөгөөд энэ нь хоёр төхөөрөмжийг зэрэг ажиллуулах боломжтой юм.
Мөн энэхүү иж бүрдэл хоёр төрлийн ажиллах горимыг дэмждэг байна. USB донглоор компьютерт холбоход хулгана болон чихэвч зэрэг холбогдоно. Харин Bluetooth горимд чихэвч нь хулганаас хамааралгүйгээр тусдаа ажиллах боломжтой аж.
Honor Choice MouseBuds Pro аль хэдийн дэлхийн зах зээлд гарч эхэлсэн бөгөөд үнэ нь ойролцоогоор 99 евро гэж мэдээлжээ.