Хятадын “Тяньгун” сансрын станцаас авсан мазкнуудаас дэлхий дээр өмнө нь бүртгэгдээгүй, хүнд хэцүү орчны нөхцөлд амьдрах чадвартай шинэ төрлийн бактери илэрлээ. Шинэ нээлтээ “TianGong” хэмээх нэрээр нэрлэсэн Шэньжөүгийн сансрын биотехнологийн баг болон Бээжингийн сансрын систем инженерийн хүрээлэнгийн судлаачид уг бактерийн Niallia tiangongensis гэх зүйлийг судлах нь сансрын урт хугацааны нислэгүүдийн үеэр сансрын нисэгчдийн эрүүл мэнд, сансрын хөлгийн ажиллагааг хамгаалахад чухал байж магадгүй гэж дүгнэжээ.
Илрүүлэлтийн талаарх дэлгэрэнгүй:
- Энэхүү мазк нь 2023 оны 5-р сард Шэньжөү-15 багийнхан сансрын станцын кабин доторх орчноос авч, Хятадын Сансрын Станцын Микробиомын хөтөлбөрийн хүрээнд хийсэн хоёр судалгааны нэгэнд ашиглагджээ.
- Судалгааны үр дүнд “Тяньгун” дахь бичил орчныг Олон Улсын Сансрын Станцынхаас ялгаатай микробиомтой болохыг тогтоожээ.
Шинээр илэрсэн Niallia tiangongensis нь газрын хөрсөнд байдаг, өмнө нь Bacillus хэмээх төрөлд хамаардаг байсан Niallia circulans гэдэг нянтай ойролцоо төрлийнх бөгөөд тухайн төрөл нь эрс тэс орчинд тэсвэртэй спор үүсгэдэг онцлогтой.
Гарал үүслийн талаар:
Niallia tiangongensis нь:
- Станц дээр хөгжиж бий болсон уу, эсвэл спор хэлбэрээр гаднаас орж ирсэн үү гэдэг тодорхойгүй байна.
- Онцлог шинжийнхээ хувьд, желатиныг азот болон нүүрстөрөгчийн эх үүсвэр болгон задлах чадвартай.
- Энэ нь тухайн бактери хүнд нөхцөлд биофилм үүсгэж биеэ хамгаалж нуувч байгуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
- Харин өөр төрлийн эрчим хүчний эх үүсвэр ашиглах чадвараа алдаж магадгүйг шинжилгээ харуулжээ.
Бусад сансрын нянгуудын талаарх судалгаа:
- Энэ нээлт нь Niallia төрөл нь өөр өөр орчинд дасан зохицох өндөр чадвартай болохыг харуулсан бөгөөд, дэлхий орчим дахь орбитын орчинд нянгууд маш хурдан дасан зохицож чаддаг нь санаа зовоож байна.
- NASA-ийн Mars Phoenix хөтөлбөрт зориулсан “цэвэр өрөө”-ний судалгаагаар өмнө нь мэдэгдээгүй 26 төрлийн нянгийн олон арван омгийг илрүүлж байжээ.
- Эдгээр нянгууд DNA нөхөн сэргээх болон хорт бодисын эсрэг тэсвэртэй байх генийн онцгойллоор тодорчээ.
Эрүүл мэндийн эрсдэл:
Niallia tiangongensis нь одоогоор шууд аюул учруулж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа ч:
- Түүний төрөл садан болох N. circulans нь дархлаа султай хүмүүсийн цусны халдвар (сепсис) үүсгэдэг байж болзошгүй тул
- Желатин задлах чадвар нь эрүүл мэндийн эрсдэл дагуулах магадлалтай.
Сансрын орчинд амьдрах чадвартай ийм нянгуудыг судалж, тэдний дасан зохицох механизмыг ойлгох нь сансрын аюулгүй байдал, ирээдүйн аялалд амин чухал юм.