Бие даасан хиймэл оюун ухаант чип: Интернетгүй, үүлэн технологигүй, бүрэн автоном

нийтлэгч Содном Энхбаяр
хиймэл оюун ухааны чип

Германы Мюнхений Технологийн Их Сургуулийн (TUM) судлаачид интернет болон үүлэн технологи шаардалгүй, бие даан ажилладаг хиймэл оюун ухаант бичил чип бүтээжээ. AI Pro нэртэй энэхүү шинэ үеийн чип нь хүний тархины мэдээлэл боловсруулах механизмыг дуурайлган, жинхэнэ нейроморф архитектур дээр суурилдаг бөгөөд зөвхөн 1 мм-ийн хэмжээтэй.

Чипийг зохион бүтээсэн профессор Хуссам Амруш уг төхөөрөмжийг “хиймэл оюун ухааны процессорын шинэ үе” хэмээн тодорхойлсон бөгөөд мэдрэлийн тогтолцооны зарчмууд дээр үндэслэн шийдвэр гаргах болон хэв маяг таних чадвартай.

Энэхүү прототипийг Дрезден дэх Global Foundries компани үйлдвэрлэсэн ба 10 сая транзистор агуулдаг. NVIDIA-ийн 200 тэрбум транзистортой өндөр хүчин чадалтай GPU-тай харьцуулахад маш бага боловч AI Pro нь өндөр энерги хэмнэлттэй, өгөгдлийн нууцлалыг бүрэн хадгалдаг гэдгээрээ давуу талтай.

AI Pro-ийн онцлог:

  • Үүлэн үйлчилгээ, интернет шаарддаггүй
  • Мэдээлэл тухайн төхөөрөмж дээр нь боловсруулагдана
  • 10 дахин бага эрчим хүч зарцуулна
  • Өндөр нууцлалтай — өгөгдөл гадагш дамжихгүй

Профессор Амрушийн тайлбарласнаар, уг чип “хэт орон зайн тооцоолол” (hyperspatial computing) нэртэй аргачлал ашигладаг. Энэ нь хиймэл оюун ухаанд их хэмжээний өгөгдөл биш, харин үндсэн шинж тэмдэг, логик холбоос дээр үндэслэн суралцах бололцоо олгодог. Жишээлбэл, автомашин гэж ойлгохын тулд мянга мянган зургийг боловсруулахын оронд “дугуйтай”, “замаар явдаг” гэх зэрэг гол онцлогийг таньж, дүгнэлт гаргана.

Сорилтын туршилтаар AI Pro ердөө 24 микрожоуль энерги зарцуулсан бол өрсөлдөгч ижил төрлийн чипүүдээс 10-100 дахин бага цахилгаан хэрэглэжээ. Судлаачдын хэлснээр энэхүү төхөөрөмжийг эмнэлгийн хэрэгсэл, робот техник, автоном навигац зэрэг тусгай зориулалтын системүүдэд ашиглахад илүү тохиромжтой аж.

Смарт цаг AI Pro чиптэй бол зүрхний цохилт, хүчилтөрөгчийн түвшин гэх мэт эмзэг өгөгдлийг шууд дотооддоо боловсруулна. Ингэснээр гадны серверт өгөгдөл илгээх шаардлагагүй болно” хэмээн профессор Амруш онцолжээ.

Одоогоор уг чипийн прототипийн үнэ 33,700 ам.доллар байгаа бөгөөд зах зээлд нэвтрүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Судалгааны багийн зорилго бол тодорхой зорилтот хэрэглээнд тохирсон, энерги хэмнэлттэй, аюулгүй хиймэл оюун ухаант шинэ төрлийн чип бүтээх явдал юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.