Дэлхийн хамгийн олон үзэгчтэй цахим спортын нэг болох Counter-Strike 2 (CS2) тоглоомын 2025 оны анхны дэлхийн аварга шалгаруулах “BLAST.tv Austin Major” тэмцээн зургадугаар сарын 2-22-нд АНУ-ын Остин хотод зохион байгуулагдах гэж байна. 1.2 сая ам.долларын шагналын сантай энэ томоохон тэмцээнд Монгол Улсаас хоёр баг — The MongolZ болон Chinggis Warriors — оролцох нь баталгаажсан бөгөөд тэдний тоглолтын тов ч албан ёсоор гарчээ.
“Chinggis Warriors” баг тэмцээний нэгдүгээр шатнаас оролцох бөгөөд тэд зургадугаар сарын 3-ны 23:00 цагт Норвегийн шилдэг багуудын нэг HEROIC-ийн эсрэг тоглохоор товлогдсон байна. Уг тоглолт “Bo1” буюу нэг мапаар ялагчийг тодруулах дүрмийн дагуу явагдах бөгөөд таван тоглолт хийх боломжтой, харин гурван ялалт авсан тохиолдолд дараагийн шат руу дэвших юм. Тус баг өнгөрсөн долоо хоногт АНУ-ыг зорьсон бөгөөд тэмцээнд оролцох өндөр сэтгэлзүйтэй байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

Нөгөөтээгүүр, Монголын цахим спортын нүүр царай болсон The MongolZ баг шууд гуравдугаар шат буюу шөвгийн 16 багийн шатнаас оролцох бөгөөд тэд зургаадугаар сарын 13-ны шөнийн 01:30 цагт хоёрдугаар шатнаас шалгарч ирэх багтай “Bo1” тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна. Энэ баг өнгөрсөн долоо хоногт болсон “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээнд амжилттай оролцож, хасагдах шатанд шалгарсан амжилттайгаар ирж байгаа нь тэднийг олон улсын тавцанд хүлээлт өндөртэй багуудын нэг болгож байгаа юм.
The MongolZ багийн ивээн тэтгэгчээр дэлхийн бооцооны салбарын тэргүүлэгч 1xBet ажиллаж байгаа бөгөөд энэ нь тэдний тогтвортой оролцоонд чухал дэмжлэг болж байна.

Тэмцээн гурван шатлалтай тойргийн журмаар явагдаж, эцэст нь шилдэг найман баг Playoffs шатанд үлдэх бөгөөд аваргын титмийг хүртсэн баг 500,000 ам.доллар, хоёрдугаар байр 170,000 ам.доллар, гурав болон дөрөвдүгээр байрт шалгарсан баг тус бүр 80,000 ам.долларын шагналын эзэн болох юм.
Монголын хоёр баг энэ удаа зөвхөн оролцохоор бус, өрсөлдөх зорилготойгоор дэлхийн дэвжээнд хөл тавьж байна. Фенүүд нь дэлгэцийн цаанаас зүрх догдлуулан хүлээж, харин тэд хурууны үзүүрээр улсынхаа нэрийг мандуулахаар зэхэж байна.