Huawei компанийн эвхэгддэг төхөөрөмжүүдийн цар хүрээ улам бүр өргөжин тэлж байна. Тус компани өмнө нь MateBook Fold Ultimate Design нэртэй, дэлгэц нь эвхэгддэг анхны зөөврийн компьютераа танилцуулсан нь салбарын анхаарлыг татсан билээ. Харин энэ удаад Digital Chat Station нэртэй алдартай мэдээлэгч Huawei компани эвхэгддэг таблет боловсруулах ажлыг эхлүүлсэн тухай мэдээлэл түгээжээ.
Одоогоор тус таблетын талаарх техникийн нарийн мэдээлэл ил болоогүй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр, төхөөрөмж нь дэлгэгдсэн үед 12-14 инчийн хэмжээтэй дэлгэцтэй байх магадлалтай. Харин эвхсэн төлөвтөө илүү авсаархан хэмжээтэй болж, замд авч явахад тохиромжтой дизайнтай байхаар хийгдэж буйг онцолжээ.
Ухаалаг утаснуудад ашиглагддаг шиг, энэ шинэ таблет нь эвхэгдсэн төлөвт хэрэглэгчтэй хурдан харилцах зориулалт бүхий гадна дэлгэцтэй байж болзошгүй. Гэсэн хэдий ч төхөөрөмжийн нарийн үзүүлэлт, онцлог шинжүүд одоогоор нууц хэвээр байна. Иймд албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл хүлээх л үлдлээ.
Нэмж хэлэхэд, Huawei мөн Mate X7 нэртэй шинэ эвхэгддэг гар утас боловсруулж байгаа бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст танилцуулагдах төлөвтэй байна. Mate X7 нь Huawei-ийн өөрийн боловсруулсан Kirin чипсет дээр суурилагдах бөгөөд бусад үзүүлэлтүүд одоогоор олон нийтэд дэлгэгдээгүй байгаа юм.