Интернэтийн хурдны шинэ эрин: Япон эрдэмтэд 1.2 Пб/с дамжуулалт бүхий дээд амжилт тогтоов

нийтлэгч Содном Энхбаяр
Интернэтийн хурдны шинэ эрин

Япон улсын Үндэсний мэдээлэл, харилцаа холбооны технологийн хүрээлэн (NICT)-ийн судлаачид 1.2 петабит/секунд (Пб/с)-ийн хурдтай интернэтийн дата дамжуулалтын шинэ дээд амжилт тогтоолоо. Энэхүү хурдыг 1808 км урттай оптик шилэн кабелиар дамжуулж, өмнөх рекордыг эвдсэн байна. Энэ хэмжээний хурд нь 4K чанартай 10,000 кино эсвэл Википедиа дахь бүх мэдээллийг ердөө нэгхэн секундын дотор татах боломжийг олгоно.

Дээрх технологийн гол сорилт нь урт зайн дамжуулалтын үед мэдээллийн сигнал суларч, чанар алдагддаг явдал байжээ. Эрдэмтэд энэ асуудлыг шийдэхийн тулд хүний үсний нарийхан зузаантай, 0.125 мм хэмжээтэй, 19 тусдаа сувгийг багтаасан тусгай төрөлт оптик шилэн кабель зохион бүтээсэн байна. Сувгууд нь харилцан хөндлөнгийн нөлөөгүй, бие даан дата дамжуулдаг тул хурдны алдагдлыг бууруулжээ.

Судлаачид 19 сувгийн тус бүрт зориулсан рециркуляцийн тусгай гогцоо зохион байгуулж, дамжуулагч сигналуудыг нэг бүрчлэн 21 удаа эргүүлэн явуулсан нь нийт 1808 км зайн загварчлал хийхэд хүргэжээ. Энэ шийдэл нь практик туршилтын үр дүнд ойртсон хамгийн дэвшилттэй загвар болж чадсан юм.

Тус кабель нь C ба L хэмээх интернэтийн түгээмэл долгионы зурваст өндөр үр ашигтай ажилладаг бөгөөд өмнөх загваруудаас дохионы алдагдлыг 40 хувиар бууруулсан байна. Сигналыг хоёр давтамжийн хосолсон өсгөгчөөр дэмжиж, C болон L зурваст нэгэн зэрэг 180 өөр долгионы урт ашиглан 16QAM модуляцын аргаар өгөгдөл дамжуулсан нь мэдээллийн хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ.

Хүлээн авах төгсгөлд 19 сувгийн хүлээн авагч нь дамжуулсан дохиог хүлээж аван, олон оролт/гаралт бүхий (MIMO) процессороор шүүж, хөндлөнгийн нөлөөг арилгаж, дамжуулалтын үр дүнг тооцсон байна. Энэхүү системийн онцгой үзүүлэлт нь нэг км тутамд 1.86 эксабит/секундийн дамжуулалтын хүчин чадалд хүрсэн байна.

Одоогоор судлаачдын анхаарлаа төвлөрүүлж буй гол асуудал нь өсгөгчийн үр ашгийг нэмэгдүүлэх болон MIMO технологийн дата боловсруулалтыг илүү өргөн хүрээнд, үр дүнтэй шийдэх явдал юм. Үүнийг хангахын тулд тэд хиймэл оюун ухаанд суурилсан сигнал боловсруулалтын аргуудыг туршин хөгжүүлж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.