АНУ-ын Техас мужийн Остин хотод зохион байгуулагдаж буй BLAST.tv Austin Major 2025 тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд дуулиан шуугиан, гэнэтийн эргэлтүүдээр дүүрэн болж өнгөрлөө. Хөгжөөн дэмжигчдийн дунд хамгийн өндөр хүлээлттэй байсан багуудын зарим нь нуран унаж, харин анзаарагдаж ч амжаагүй шинэ нэрс амжилтын тавцанд гарч ирсэн нь энэ шатны онцлог байлаа.
Valve-ийн чансаанд 49 дүгээрт эрэмбэлэгдэж байсан Бразилийн залуу тоглогчдоос бүрдсэн Legacy баг Bestia-гийн оронд тэмцээнд оролцох эрх авч, эхний шатыг арайхийн давсан ч хоёрдугаар шатанд жинхэнэ гайхамшиг бүтээв. MIBR, 3DMAX, FaZe Clan гэсэн хүлээн зөвшөөрөгдсөн багуудыг дараалан буулган авч, 3:0 харьцаатайгаар гуравдугаар шатанд хамгийн түрүүнд шалгарсан нь олон хүний таамаглалыг эвдсэн үйл явдал байлаа. Тэдний FaZe Clan-тай хийсэн тоглолт олон хүний анхаарлыг татсан бөгөөд “s1mple”-ийг багтаасан FaZe Clan-г Мираж болон Dust2 дээр 13-7, 13-11 харьцаагаар хожсон нь үнэхээрийн шуугиантай ялалт болсон.
Virtus.pro мөн 3:0 амжилтаар дараагийн шатанд шалгарсан. OG, B8 багуудыг хялбар ялж, гурав дахь тоглолтод PaiN Gaming-ийг нэмэлт тойргийн дараа буулган авч хүлээлтэд нийцсэн тоглолтыг үзүүлсэн. PaiN Gaming, 3DMAX, FURIA багууд 3:1 харьцаатай амжилтаар цааш шалгарсан бол FaZe Clan, Nemiga, Lynn Vision нар эцсийн мөчид 3:2 ялалт байгуулж, гуравдугаар шат руу амжилттай орсон.
Энэ шатанд OG, BetBoom багууд тэмцээнийг ялагдалтайгаар өндөрлүүлэв. OG нь Virtus.pro, Falcons, 3DMAX багуудтай хийсэн гурван тоглолтод дараалан ялагдсан бол BetBoom эхний тоглолтондоо илүү хүчтэй өрсөлдөгчидтэй тулгарсан учраас ялалт байгуулах боломж олдсонгүй. Falcons багийн хувьд энэ шатны хамгийн том уналтыг хийлээ. Шинжээчдийн хувьд хоёрдугаар шатны хамгийн гол фаворит гэж үзэж байсан ч ганцхан ялалтаар мажороос хасагдсан. Falcons B8-т эхний тоглолтод хожигдож, Lynn Vision-той хийсэн тоглолтод сандралдаж, зөвхөн OG-ийн эсрэг ялалт байгуулж чадсан. Харин шийдвэрлэх тоглолтод MIBR-ийн эсрэг нэмэлт тойрогт хожигдсон нь тэдний хувьд уналтын цэг болсон. 5v3 харьцаанаас хожигдсон тоглолт нь багийн ирээдүйн бүрэлдэхүүнд өөрчлөлт орох шалтгаан болж мэдэхээр байгаа бөгөөд одоогоор “Магиск”-ийг халж, “kyousuke”-г авчрах магадлалын талаар яригдаж эхэлжээ.
TYLOO, M80 багууд мөн адил 1:3 харьцаатай тэмцээнээ өндөрлүүлсэн ч хүлээлт бага байсан учраас энэ ялагдал тийм ч таагүй дүгнэлт биш байлаа. Харин B8, MIBR, HEROIC багуудын хувьд 2:3 гэсэн амжилтаар хасагдсан нь тэдний хувьд боломжийн мэт харагдаж болох ч, ялангуяа Heroic-оос илүүг хүлээж байсан хөгжөөн дэмжигчдийн хувьд сэтгэл гонсойлгосон дүн гарсан.
Тэмцээний гуравдугаар шат өнөөдөр эхлэх бөгөөд плей-оффт өрсөлдөх найман баг тодрох шийдвэрлэх мөчүүд айсуй. Энэхүү шатны тоглолтуудын албан ёсны дамжуулалтыг зөвхөн ESN – eSports Network-ийн YouTube суваг болон Premier Sports Network 5 сувгаар хүлээн авч үзэх боломжтой.
2 сэтгэгдэл
Шонхор шувууд, энэ нь ичмээр юм, гэхдээ ийм зүйл тохиолддог
Faze эргэн ирэлтээ хийж чадна!