Meta компани AI технологид суурилсан Movie Gen системийнхээ үр дүнг бодит бүтээгдэхүүн болгон олон нийтэд танилцууллаа. Мягмар гарагт тэд богино хэмжээний видео засах шинэ AI редактор гаргасан бөгөөд энэ нь хэрэглэгчдэд хувцаслалтаа, орчноо, хэв маягаа хэдхэн секундын дотор өөрчлөх боломжийг олгож байна. Эдгээр жишээ нь Hollywood-ын хэмжээний дүрслэл хэн бүхэнд нээлттэй болсон цаг ирснийг харуулж байгаа юм.
Шинэ редактор нь 50 гаруй урьдчилан бэлдсэн эффектийг санал болгодог. Та видеоны дүрийг комикс дүрслэл, гантиг хөшөө, видео тоглоомын дүр мэт болгон хувиргах эсвэл далайн эрэг, цастай орчин руу аваачих боломжтой. Мөн гэрлийн эффект, өнгөний бүрэлт нэмэх боломж ч бий.
Одоогоор хэрэглэгч өөрөө өндөр түвшний текстэн заавар (custom prompt) бичих боломжгүй ч энэ функц 2025 оны сүүлээр нэмэгдэхээр төлөвлөгдөөд байна.
Энэхүү видео редактор нь Meta-ийн Movie Gen хэмээх AI системийн анхны арилжааны хувилбар юм. Өнгөрсөн жил судалгааны зорилгоор танилцуулж байсан Movie Gen нь зөвхөн видео засахаас гадна зургаас видео бүтээх, бүр цоо шинэ видео үүсгэх чадамжтай. Энэ боломжууд ч тун удахгүй хэрэглээний бүтээгдэхүүнд орж ирэх магадлалтай байна.