Instagram хэрэглэгчдийн олон жилийн хүсэн хүлээсэн нэгэн шинэ боломж тун удахгүй бодит болно. Тус платформ хэрэглэгчдэд өөрсдийн профайлын сүлжээнд (grid) нийтлэлүүдийн байрлалыг өөрийн хүссэнээр солих боломжийг олгох шинэ функцийг албан ёсоор танилцууллаа.
Одоог хүртэл постууд зөвхөн нийтлэгдсэн огнооны дарааллаар байрлаж ирсэн бол шинэчлэлээр энэ хязгаарлалт арилж, хэрэглэгчид пост бүрийг чирж (drag-and-drop) хүссэн байршилд байрлуулах боломжтой болж байна. Үүнийг профайлд “засах” (edit profile) товчоор дамжуулан идэвхжүүлж ашиглана. Тус шинэчлэл ирэх хэдэн долоо хоногт албан ёсоор нэвтрэхээр төлөвлөгджээ.
Энэ шинэ боломж нь Instagram-ийн “Anyway” нэртэй шинэхэн санаачилгын нэг хэсэг бөгөөд зорилго нь хэрэглэгчдийг “төгс төгөлдөр контент” бүтээх дарамтаас чөлөөлж, бүтээлч байдлаар өөрийгөө илэрхийлэх баяр баяслыг буцаан өгөхөд чиглэж байна.
Мөн нэгэн сонирхолтой шинэчлэл бол Spotify дээр тухайн үедээ сонсож буй хөгжмийн мэдээллээ Instagram-ийн “нот бичих” хэсгээр дамжуулан хуваалцах боломж юм. Энэхүү дууны мэдээлэл бодит цаг хугацаанд шинэчлэгдэх бөгөөд хэн ч тухайн холбоос дээр дарж дууг шууд тоглуулах боломжтой болно.
Meta компанийн зүгээс хоёр шинэ боломжийг аль аль нь хэрэглэгчдийн зүгээс ирсэн хүсэл, саналд тулгуурлан хэрэгжүүлж буй бөгөөд Instagram-ийг илүү уян хатан, амьд платформ болгох алхам гэж тодорхойлсон байна.