Лазерын хүчирхэг туршилт: 800 Вт энергийг 8.6 км-ийн зайд амжилттай дамжуулжээ

нийтлэгч Содном Энхбаяр
800 Вт

АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа DAPRA (Ирээдүйн судалгааны төсөл хэрэгжүүлэгч агентлаг) түүхэн амжилт тогтоож, лазераар дамжуулан 800 ваттын цахилгаан энергийг 8.6 км-ийн зайд амжилттай хүргэлээ.

Энэхүү дээд амжилтыг “Persistent Optical Wireless Energy Relay” буюу POWER нэртэй хөтөлбөрийн хүрээнд байгуулсан бөгөөд туршилт АНУ-ын Нью-Мексико мужид явагджээ. Тус туршилт нь ирээдүйд цэрэг, агаарын хүчний ажиллагаанд утасгүй эрчим хүчний хангамжийг ашиглах боломжтойг харуулсан чухал жишээ боллоо.

Туршилтын явцад лазерын цацраг 30 секундын турш тасралтгүй ажиллаж, ойролцоогоор нэг мегажоуль эрчим хүч дамжуулжээ. Лазерыг POWER Receiver Array Demo (PRAD) хэмээх хүлээн авагч төхөөрөмжөөр хүлээж авсан бөгөөд энэ нь параболик толь бүхий жижиг хэмжээний станц байсан юм. Толь нь лазерын туяаг фотоэлектрик элементүүд рүү чиглүүлж, гэрлийн энергийг дахин цахилгаан болгон хувиргасан байна.

Хөтөлбөрийн удирдагч Пол Джаффегийн онцолсноор энэ технологи нь “их хэмжээний энергийг урт зайнд дамжуулах боломжгүй” гэсэн урьдны ойлголтыг үгүйсгэж, богино зайнд 20 хувиас дээш хувиргах үр ашигтай байж чадсан. Харин үндсэн зорилго нь 8 км-ээс хол зайд тогтвортой дамжуулалтыг бодит нөхцөлд хэрэгжүүлэхэд оршиж байв.

Эцсийн зорилго нь агаарын тээврийн хэрэгслүүдийг — тэр дундаа дроныг — агаарт цэнэглэх, улмаар хязгааргүй ажиллагаатай болгох явдал юм. Одоо DARPA төслийн хоёрдугаар үе шат руу шилжиж, энерги босоо чиглэлд дамжуулах болон олон дамжуулагчтай системийг хөгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү технологи нь цахилгаан эрчим хүч дамжуулах боломжгүй нөхцөлд, тухайлбал цэргийн ажиллагаа, гамшгийн үед аврах ажиллагаанд онцгой хэрэгцээтэй шийдэл болох боломжтойг судлаачид онцолжээ. Мөн лазерын туяаг агаар мандлын нягт үеэс дээгүүр чиглүүлснээр байшин, онгоц, шувуу зэрэг саад бэрхшээлээс зайлсхийж, алдагдлыг бууруулах боломжтой аж.

Одоогоор 3 үе шаттай хөтөлбөрийн эхний шат үргэлжилж байгаа бөгөөд хамгийн сүүлд лазерын долгионы уртыг өөрчлөн үр ашигтай дамжуулалтыг сайжруулах туршилтууд хийгдэж байна. Төслийн төгсгөлийн шатанд ижил төрлийн лазерын системийг нисэх онгоц, дрон дээр суурилуулж, 10 кВт хүртэлх энергийг 200 км-ийн зайд дамжуулах туршилт хийхээр төлөвлөжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.