Хулганыг харах чадвартай болгосон шинэ суулгац бүтээжээ — хараагүй хүмүүсийн найдвар уу?

нийтлэгч Содном Энхбаяр
суулгац

Хятадын Фуданий их сургуулийн эрдэмтдийн баг тэллурийн нано утаснаас бүтсэн шинэ төрлийн торлогийн суулгац зохион бүтээж, сохор хулганад хийсэн туршилтаар үр дүнгээ амжилттай харуулжээ. Энэхүү төхөөрөмж нь харагдах болон хэт улаан туяаг цахилгаан сигналаар хувиргаж, түүгээр дамжуулан торлогийн мэдрэлийн эсүүдийг өдөөн ажилладаг байна.

Судалгааны явцад хараагүй хулгана болон сармагчинд суулгац суурилуулж туршсан бөгөөд амьтад гэрэл болон дүрсийн ялгааг мэдэрч эхэлжээ. Энэ нь тэдний харааны хариу үйлдэл сэргэж, гадны өдөөлтөд мэдрэмжтэй болж байгааг илтгэж байгаа юм.

Ялангуяа макак сармагчинд хийсэн туршилтаар тэд зөвхөн харагдах гэрэлд төдийгүй хэт улаан туяанд ч хариу үйлдэл үзүүлж байжээ. Энэ нь энэхүү технологи илүү өргөн хүрээнд хэрэглэгдэх боломжтойг харуулсан үр дүн болсон юм.

Эрдэмтдийн хэлснээр уг суулгац одоогоор амьтдад туршигдаж байгаа хэдий ч ойрын ирээдүйд хүний биед суурилуулах клиник туршилт эхлүүлэх зорилготой аж. Тэд төхөөрөмжийн нарийвчлал болон хариу үйлдлийн хурдад цаашид анхаарч, илүү боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд энэхүү дэвшил нь ирээдүйд хараагаа эргэн олох боломжийг өгч болзошгүй бөгөөд судлаачид энэхүү технологийг харааны эрхтэний гэмтлээс үүдэлтэй алдагдлыг нөхөх шинэ арга зам хэмээн үзэж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.