Хятад улс лазер холбооны технологиор Starlink-ийг тав дахин гүйцжээ

нийтлэгч Содном Энхбаяр
Starlink

Хятадын судлаачид геостационар хиймэл дагуулаас дэлхий рүү хоёр ваттын чадалтай лазер ашиглан нэг секундэд 1 гигабит мэдээлэл дамжуулах туршилтыг амжилттай хийлээ. Энэ нь “Starlink”-ийн дамжуулах дээд хурдаас тав дахин илүү үзүүлэлт бөгөөд тус үйлчилгээ 50-200 мегабит/секундын хурдаар өгөгдөл дамжуулдаг билээ.

Агаар мандлын сорилтыг шинэ технологи даван гарлаа

Лазер холбооны хамгийн том саад бэрхшээл бол агаарын үймээн буюу атмосферийн турбулент байсаар ирсэн. Энэ нь лазерын туяаг сарниулж, дохиог бууруулах нөлөөтэй. Харин Бээжингийн Шуудан, харилцаа холбооны их сургуулийн эрдэмтэд “АТ-МДР синержи” нэртэй шинэ аргыг боловсруулснаар энэхүү бэрхшээлийг даван гарсан байна.

Тус технологи нь:

  • Адаптив оптик (АО)-ийн тусламжтайгаар гэрлийн чиглэл гажсан дохиог засварлаж,
  • Олон сувгийн хүлээн авалт (MDR) ашиглан сарнисан гэрлийн бүрэлдэл хэсгүүдийг бүрэн ашиглаж чадсан.

Туршилтыг 36,000 км-ийн өндөрт хийв

Шинэ аргачлалыг турших зорилгоор өмнөд Хятадын Лицзян дахь одон орон судлалын төвд 1.8 метрийн нягтрал өндөртэй телескоп ашиглажээ. Тус телескоп нь 357 ширхэг бие даан удирдах боломжтой бичил толин бүрдлээс бүрддэг бөгөөд эдгээр нь хүлээн авсан гэрлийн хэлбэрийг тасралтгүй засч, атмосферийн нөлөөг багасгадаг.

Дараа нь гэрэл:

  1. Олон горимт шилэн кабель руу орж,
  2. Найман үндсэн горимын сувагт хуваагдан,
  3. “Шилдэг зам сонгох” алгоритмын дагуу хамгийн хүчтэй, найдвартай гурван дохиог шүүж авдаг.

Тогтвортой дохионы чанар 91% хүрэв

Энэхүү шинэлэг хосолсон технологийн үр дүнд дамжуулах дохионы тогтвортой байдал 72 хувиас 91.1 хувь хүртэл өссөн нь сансар огторгуйгаас үнэт мэдээлэл дамжуулахад асар их ач холбогдолтой. Уг үр дүн нь багахан алдаа ч өндөр эрсдэл дагуулдаг төрлийн мэдээллийг алдалгүй дамжуулах боломжийг бий болгож байгаа юм.

Холбоотой нийтлэлүүд

1 сэтгэгдэл

Бортэ 6 сар 18, 2025 - 3:39 pm

Технологийн уралдаанд Хятад бүр гайхалтай хурдтай явж байна шүү!

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.