2025 оны зургаадугаар сарын 30-нд “Amazon” компани үйлдвэрлэлдээ нэг сая дахь роботоо амжилттай байршуулсан талаар мэдээлжээ. Энэ нь тус компанийн автоматжуулалтын хөтөлбөр тасралтгүй өргөжиж, хөдөлмөрийн бүтээмжийг технологийн тусламжтайгаар нэмэгдүүлж буйн тод илрэл юм.
“Amazon Robotics”-ын дэд ерөнхийлөгч Скотт Дрессер энэ талаар мэдэгдэхдээ, “Манай 300 гаруй агуулах, төвд байршуулсан нэг сая робот нь биднийг дэлхийд тэргүүлэгч хөдөлгөөнт роботын үйлдвэрлэгч, ашиглагч компани болгож байна. Шинээр нэвтрүүлсэн ‘DeepFleet’ хиймэл оюун ухааны систем нь үйл ажиллагааны логистик урсгалыг оновчтой болгох замаар бараа бүтээгдэхүүний хүргэлтийг илүү хурдан, үр дүнтэй болгоно” хэмээн онцоллоо.
“Amazon” 2012 оноос хойш агуулахын тавиур зөөх зорилгоор робот технологийг ашиглаж эхэлсэн бөгөөд үүнээс хойш роботуудын үүрэг, хариуцлага асар хурдацтай нэмэгджээ.
Гэхдээ автоматжуулалт нь хүн төрөлхтний хөдөлмөрийн зах зээлд шинэ сорилт авч ирж буй. Хиймэл оюун ухаан болон роботын дэвшил нь үйлдвэрүүдэд ажлын байрыг багасгаж болзошгүйг шинжээчид анхааруулсаар байна. “Amazon”-ын хувьд ч энэ эрсдэл хэдийнэ биелэлээ олсон. Тус компани 2022 болон 2023 онуудад нийтдээ 27,000 гаруй ажилтныг цомхотгожээ.
Өргөн хүрээтэй харвал, зөвхөн 2024 онд л гэхэд 551 технологийн компани 153,000 орчим хүнийг ажлаас халсан бөгөөд хиймэл оюун ухааны нөлөөгөөр АНУ-ын ажил олгогчдын 48 хувь нь цаашид ажиллах хүчээ бууруулахаар төлөвлөж буйг Дэлхийн эдийн засгийн форум онцолсон байна.