Samsung Galaxy Watch Ultra 2025: Титан, индранил шил, 64 ГБ багтаамжтай шинэ үеийн ухаалаг цаг

нийтлэгч Содном Энхбаяр
Samsung Galaxy Watch Ultra 2025: Титан, индранил шил, 64 ГБ багтаамжтай шинэ үеийн ухаалаг цаг

Samsung компанийн шинэ үеийн ухаалаг цаг болох Galaxy Watch Ultra 2025 болон Galaxy Watch 8, Watch 8 Classic загваруудын техникийн үзүүлэлтүүд танилцуулагдахад хоёрхон хоног үлдээд байна. Гэхдээ албан ёсны танилцуулгаас урьтаад, гол мэдээллүүд аль хэдийн олон нийтэд ил болсон бөгөөд шинэ загваруудын онцлог, үнэ, үзүүлэлтүүд тодорхой болоод байна.

Galaxy Watch Ultra 2025 загвар нь 47 мм-ийн хэмжээтэй ганц хувилбараар гарах бөгөөд 1.47 инчийн Super AMOLED дэлгэцтэй, 480×480 пикселийн нягтралтай. Цагны гэр нь титан хайлшаар хийгдсэн бол дэлгэц нь индранил шилийг ашигласан тул элэгдэл, зурааснаас өндөр хамгаалалттай. Цаг нь Exynos W1000 процессороор ажиллах бөгөөд 2 ГБ RAM, 64 ГБ дотоод санах ойтой. Түүнчлэн 590 мАч багтаамжтай батерейтай бөгөөд нийт жин нь 60.5 грамм. Програм хангамжийн хувьд One UI 8.0 дээр суурилсан бөгөөд дуут дохио, дуу хоолойгоор хариу өгөх боломжтой болсноороо өмнөх загваруудаас илүү ухаалаг болсон байна.

Galaxy Watch 8 нь 40 болон 44 мм-ийн хоёр хувилбартайгаар гарна. 40 мм хувилбар нь 1.34 инчийн дэлгэцтэй бөгөөд 438×438 пикселийн нягтралтай, 325 мАч батерейтай бөгөөд жин нь 30 грамм орчим. Харин 44 мм хувилбар нь 1.47 инчийн дэлгэцтэй, 480×480 пикселийн нягтралтай, 435 мАч батерейтай, 34 грамм жинтэй. Хоёр хувилбарын кейс нь хөнгөн цагаан хайлшаар хийгдсэн бол дэлгэцүүд нь мөн адил индранил шилээр бүрхэгдсэн. Мөн адил Exynos W1000 процессор, 2 ГБ RAM, 32 ГБ багтаамжтай.

Galaxy Watch 8 Classic загвар нь уламжлалт төрхөө хадгалсан бөгөөд 1.34 инчийн AMOLED дэлгэцтэй, 438×438 пикселийн нягтралтай. Батерейн багтаамж нь 445 мАч бөгөөд цагны нийт жин 63.5 грамм. Энэ загварын кейс зэвэрдэггүй гангаар хийгдсэн, дэлгэц нь мөн адил индранил шилээр хамгаалагдсан. Техник хангамжийн хувьд Exynos W1000 процессор, 2 ГБ RAM, 32 ГБ дотоод багтаамжтай.

Харин Европ дахь урьдчилсан үнэ дараах байдалтай байна. Galaxy Watch 8-ийн 40 мм загвар Bluetooth хувилбар нь 380 евро, 4G дэмждэг нь 430 евро. 44 мм загварын хувьд Bluetooth нь 410 евро, 4G нь 460 евро. Watch 8 Classic 530-580 еврогийн хооронд хэлбэлзэж байхад, хамгийн өндөр үнэтэй Watch Ultra загвар Bluetooth + 4G хувилбартайгаар 700 евро байна.

Эдгээр шинэ ухаалаг цагуудыг Samsung удахгүй албан ёсоор танилцуулах бөгөөд Galaxy Watch Ultra 2025 нь дээд зэрэглэлийн, тэсвэртэй, хүчин чадал өндөртэй ухаалаг цаг сонирхогчдод зориулагдсан гэдгээрээ онцгой анхаарал татаж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.