Apple компани 2025 оны намар танилцуулах шинэ iPhone 17 загваруудын үнэд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Зөвхөн үндсэн загварын үнэ өмнөхтэй ижил түвшинд хадгалагдах бол бусад дээд зэрэглэлийн хувилбаруудын үнэ ойролцоогоор 50 ам.доллараар нэмэгдэх аж. Энэ нь 2019 оноос хойш хийгдээгүй үнийн бодлогын анхны томоохон шинэчлэлт болж байна.
Шинэчлэлийн дагуу iPhone 17 Pro загвар 1,049 ам.доллараар худалдаалагдаж, өмнөх хувилбар болох iPhone 16 Pro-гоос 50 доллараар илүү үнэтэй болно. Харин Pro Max хувилбарын үнэ 1,249 ам.долларт хүрэх бол шинэ загвар болох iPhone 17 Slim — 949 ам.доллароор худалдаалагдах бөгөөд энэ нь iPhone 16 Plus-ийг орлох загвар юм.
Apple-ийн энэхүү алхам нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. АНУ-ын импортын тарифын дарамт, эд ангиудын үнийн өсөлт зэрэг нь үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, компанид үнээ өсгөх шалтгаан болсон байна. Чип, камерын модуль, дэлгэцийн элементүүдийн өртөг өссөнөөр, Apple таван жил тогтвортой барьсан үнийн бодлогоо өөрчлөхөд хүрчээ.
Түүнчлэн iPhone 17 загваруудад шинэ A19 процессор, хиймэл оюун ухаанд суурилсан шинэлэг шийдлүүд, сайжруулсан камерын систем зэрэг технологийн ахиц дэвшил багтсан байх бөгөөд энэ нь Apple-ийн шинэ стратегийн үндэс болж магадгүй. Apple шинэ загварууддаа илүү нарийхан, хөнгөн дизайн нэвтрүүлж, дунд түвшний хэрэглэгчдэд илүү өргөн сонголт өгөхийг зорьж байна.
Apple одоогоор үнийн өөрчлөлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байгаа ч салбарын шинжээчид энэхүү өөрчлөлт нь дээд зэрэглэлийн ухаалаг гар утасны зах зээлд бодит нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Шинэ загваруудыг 2025 оны намар танилцуулах төлөвтэй бөгөөд хэрэглэгчдийн хүлээлт нэмэгдсээр байна.