Японы алдарт Casio брэнд Nissan MotorSport-той бүтэн жилийн турш амжилттай хамтран ажилласны үр дүнд автомашины уралдааны соёлоос сэдэвлэсэн шинэ бугуйн цаг болох Edifice ECB-S10NIS-7A Heritage Edition-ийг бүтээжээ. Энэ хязгаарлагдмал загвар нь одоогоор Европын албан ёсны цахим хуудаст нийтлэгдсэн бөгөөд тун удахгүй худалдаанд гарах төлөвтэй байна.
Шинэ цаг нь 1984-1997 оны Nismo уралдааны түүхэн алтан үеийг орчин үеийн загварт буулгасан бөгөөд гадаад өнгө төрх нь тухайн цаг үеийн гоо зүйг илтгэнэ. Саарал өнгийн хүрээ, улаан ба цэнхэр элемент оруулсан цагаан бугуйвч нь Nismo-ийн өвөрмөц дүр төрхийг илэрхийлнэ. Мөн индранил болороор хийсэн гадаргуутай, зураасны эсрэг тэсвэртэй бөгөөд хүрээ нь зэвэрдэггүй гангаар хийгдсэн. Оосор нь жинхэнэ арьс болон Alcantara материалын хослолоор бүтсэн тул тав тухтай, удаан зүүхэд тохиромжтой.
Цагны хэмжээ 48.1×43×9.6 мм бөгөөд багцад нь тусгай брэндийн савлагаа орсон нь энэхүү бүтээгдэхүүнийг цуглуулагчдын хувьд үнэ цэнтэй болгодог. ECB-S10NIS-7A нь Edifice ECB-S10 цувралд багтдаг бөгөөд Bluetooth холболтоор хөдөлгөөнт төхөөрөмжтэй холбогдон, Casio Watches аппликейшнээр дамжуулан дэвшилтэт тохиргоо болон цагийн функцүүдийг хянах боломжийг олгодог.
Онцлох үзүүлэлтүүд:
Дэлхийн цагийн тохируулга
Давхар дэлгэцтэй (механик ба дижитал хослол)
Одоогийн горимыг харуулах тусгай индикатор
Секунд хэмжигч, таймер, таван төрлийн дохиолол
Тод LED арын гэрэлтүүлэг
Мэдээллийн дагуу шинэ бүтээгдэхүүн 2025 оны есдүгээр сард худалдаанд гарах төлөвтэй бөгөөд үнийн хувьд 300 евро орчим байх аж. Хэдий Casio албан ёсны зарлалаа хийгээгүй ч өмнөх загваруудын нэгэн адил Европын зах зээлд хамгийн түрүүнд нэвтрэх магадлал өндөр байна.