OpenAI компанийн хувьд хэрэглэгчдийн хувийн ChatGPT чат хайлтын системд ил гарсан тухай мэдээлэл олон нийтийн шүүмжлэл дагуулж, тус компани яаралтай арга хэмжээ авсан байна.
Fast Company сэтгүүлийн мэдээлснээр хэдэн мянган хэрэглэгчийн яриа Google-ийн хайлтад ил гарчээ. Хэдийгээр эдгээр чат нь нэр хаяггүй байсан ч зарим нь хувийн, эмзэг мэдээлэл — гэр бүлийн болон найз нөхдийн харилцаа, сэтгэлзүйн асуудал, мансууруулах бодис хэрэглэсэн тухай гэх мэт — агуулсан байжээ. Энэ нь тухайн хүнийг тодорхойлоход хүргэж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзжээ.
OpenAI-ийн мэдээллийн аюулгүй байдлын албаны дарга Дэйн Стаки тайлбарлахдаа, хэрэглэгчид “энэ чатыг нийтэд ил болгох” гэсэн хайрцаг сонгосон тохиолдолд л тухайн чат хайлтад ил гарсан гэжээ. Гэсэн ч энэхүү хайрцагны доорх жижиг, бүдэг тайлбарт “таны чат хайлтын системд ил болж магадгүй” гэсэн анхааруулга байсан нь олон хүний хувьд ойлгомжгүй байжээ.
Эхэндээ OpenAI энэхүү интерфэйсийг “хангалттай тодорхой” гэж үзсэн ч улмаар буруу ойлголт төрүүлж болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ функцийг устгасан байна. Стаки “энэ бол богино хугацааны туршилт байсан бөгөөд бид хэрэглэгчид хүсээгүй мэдээллээ нийтэлчих вий гэх эрсдэлийг хэт их гэж дүгнэсэн” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн OpenAI компани Google хайлтаас эдгээр чатыг устгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хэрэглэгчид өөрийн хуучин хуваалцсан холбоосуудыг шалган, хайлтад ил гарч байгаа эсэхийг тогтоох боломжтой гэж Fast Company зөвлөсөн байна.
Оксфордын их сургуулийн хиймэл оюун ухааны ёс зүйн судлаач Карисса Велис энэ явдалд “гайхшралтай” хэмээн хандсан бөгөөд “техникийн компаниуд олон нийтийг туршилтын туулай мэт ашиглаж байна” гэж шүүмжилжээ.
OpenAI-ийн Гүйцэтгэх захирал Сэм Алтман хэрэглэгчдийн хувийн яриа хайлтад гарч байгаа нь “асуудалтай” гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч өөрийн компанийн шийдвэрүүдийн талаарх шүүмжлэлээс зайлсхийсэн хандлага баримталсан талаар хэвлэлүүд онцолж байна.
