Дани улс хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентуудтай тэмцэх зорилгоор иргэдийнхээ төрөлх нүүр царай, дуу хоолой болон бүтээлчдийн оюун санаа, хөдөлмөрөөр хийсэн бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалах хуулийн төслийг санаачилсан анхны улс боллоо.
Тус хуулийн төсөл нь хиймэл оюун ухаан ашиглаж, бодит хүний дуу хоолой, царай, болон бүтээлийг дуурайлган бий болгож буй “deepfake” буюу хиймэл дүрслэлтэй контентуудын өсөлттэй тэмцэх зорилготой. Санал болгож буй хуулийн төсөлд хиймлээр үүсгэсэн медиа контентод зориулсан тусгай эрх зүйн ангиллыг шинээр нэвтрүүлэхээр тусгажээ. Мөн хиймэл оюун ухаанаар үүсгэж, түгээж эсвэл арилжаалж буй байгууллагууд эх бүтээлийн жинхэнэ эзэмшигчээс зөвшөөрөл авахыг шаардах зохицуулалттай байна.
Түүнчлэн, уг хуулийн төсөлд зааснаар, хиймэл дүрс (deepfake) контент дээрээ заавал тэмдэглэх шаардлага тулгарч магадгүй бөгөөд ингэснээр үзэгч, хэрэглэгчид тухайн контент жинхэнэ эсвэл AI эсэхийг шууд мэдэх боломжтой болно.
Энэхүү хууль нь Дани улсыг дижитал эриний тэргүүн эгнээнд хөтлөн, хүний эрх болон бүтээлч байдлын тэнцвэрийг хадгалахад туслахыг төсөл санаачлагчид мэдэгджээ. Хиймэл оюун хурдацтай хөгжиж буй энэ үед хиймэл оюун ухааныг буруугаар ашиглахаас сэргийлж, зохиогчийн эрхийг хамгаалан, хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг хадгалахын тулд хуулийн зохицуулалт зайлшгүй байх ёстой гэж хууль санаачлагчид үзэж байна.
Хэрвээ тус хуулийн төсөл батлагдвал Дани улс хиймэл оюун болон зохиогчийн эрхийн асуудалтай нүүр тулаад буй бусад орнуудад сайн жишиг болох магадлалтай.
2 сэтгэгдэл
Ухаалаг алхам байна. Хиймэл дүрсийг ашиглаж олон хүн хууртагдаж байгааг бодоход ийм хууль зайлшгүй хэрэгтэй
Дани шиг улсаас жишээ авах цаг болж. Манайд ч гэсэн ийм хууль хэрэгтэй дээ